Беларусь улсын нийслэл Минск хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн сөрөг хүчин болоод сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаал тав дахь долоо хоногтоо үргэлжиллээ. Үүссэн нөхцөл байдлаас харахад сөрөг хүчнийхэн эрх баригчдад бууж өгөн тэмцлээ зогсоох шинж ажиглагдахгүй байна гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн таван долоо хоногийн амралтын өдрүүдэд өнжилгүй үргэлжилсэн Минскийн жагсаалд тогтмол 100,000 орчим иргэн нэгджээ. Долоо хоног гаруйн өмнө жагсаалд ч мөн ийм тооны хүн оролцсон юм. Цагдаа нар жагсаалын үеэр олноороо дайчлагдаж, хотын гол хэсгүүдийг хааж таран хамгаалалтад гарсан байна. Жагсаалын үеэр 400 орчим хүнийг баривчлан саатуулжээ.
Өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар 26 жилийн турш төр барьсан 66 настай Александр Лукашенко дахин сонгогдсон явдал нь луйвар гэж үзэн ийнхүү эсэргүүцэл үзүүлж байгаа юм. Гэсэн ч Ерөнхийлөгч өөрийн байр сууриа алдалгүйгээр улс орноо хамгаална гэдгээ мэдэгдсэн.
Сөрөг хүчний удирдагчдын дийлэнх нь цагдаа нарт баригдсан, аль эсвэл цөллөгт явсан байгаа ажээ.
Минскээс гадна Брест, Гомель, Могильев хотуудад жагсаал болсон байна. Харин улсын Дотоод хэргийн яамны албан ёсны мэдээнд орон нутгийн цагаар ням гарагт 15 цагийн байдлаар улс орон даяар ердөө 3,000 хүн жагсаалд нэгдсэн байсан гэх мэдээллийг өгчээ.
Жагсагчдын гол бэлэг тэмдэг нь Зөвлөлтөөс өмнөх Беларусьт ашиглаж байсан туг далбаа болсон байна. Тэд огцор, өөрсдөөсөө ич, бидэнд жагсах эрх бий гэсэн эсэргүүцлийн үгнүүдийг уриалан хашгирчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.