Дэлхийн 160 гаруй хүний эрхийн байгууллага хамтран Олон улсын олимпийн хороонд хандан, 2022 оны Өвлийн олимпийг Бээжинд зохион байгуулах шийдвэрээ цуцлахыг шаарджээ. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахт хаягласан, тив бүрийн хүний эрхийн байгууллагууд гарын үсэг зурсан уг захидалд Шинжаан, Түвд, Хонконг, Өвөрмонгол дахь Хятадын төв Засгийн газрын үйл ажиллагаа тус улсыг Өвлийн олимп зохион байгуулах зохисгүй болохыг харуулсан гэж тэмдэглэжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян лхагва гарагт Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр уг бичиг нь спортыг улс төржүүлэх гэсэн оролдлого бөгөөд Хятад Улс үүнийг эрс эсэргүүцэж буйг онцолжээ.
Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо Олон улсын олимпийн хорооны гишүүд хуралдаж, санал хураалт явуулснаар Бээжин хот 44 санал авч Өвлийн олимп зохион байгуулахаар болсон бол Казахстаны Алматыг 40 хүн дэмжсэн байна. Бээжин хоттой Казахстаны хоёр дахь том хот Алматы өрсөлдсөн боловч олимпийн эрхийг авч чадаагүй. Хятадын нийслэл Бээжин хот 2008 оны зуны олимпийг эх орондоо зохион байгуулж байсныг бид бүхэн санаж байгаа билээ. Ийнхүү Бээжин хот зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан анхны хот болохоор байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.