Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоохын тулд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг болон дэлхийн 120 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан-2020”-г гаргалаа.
Амьд ертөнцийн индекс нь манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт юм. Энэ индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдийн тоо толгойг тогтоож ирлээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21,000 гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг бидэнд олгоод байна.
Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна.
Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр цөөрчээ. Тодруулбал, 1970 оноос хойш судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой 68 хувиар цөөрсөн судалгааны дүн гарчээ.
Гэхдээ зөвхөн судлагдсан амьтдын тоо гэдгийг дахин онцолъё. Учир нь, дэлхий дээр сайн судлагдаагүй маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа билээ. Хэт ашиглалт ба газар тариалан биологийн олон янз байдлын сүйрлийн үндсэн шалтгаан хэвээр байгаа нь тогтоогджээ. 1700 оноос хойш дэлхийн ус намгархаг газруудын 90 хувь нь устаж алга болжээ. Дэлхийн гадаргын мөсөнд хучигдаагүй газрын 75 хувь нь аль хэдийн үлэмж хэмжээгээр хувирч өөрчлөгдсөн, ихэнх далайн ус бохирдсон бол ус намгархаг газрын талбайн 85 хувиас илүү нь устаж үгүй болжээ.
Экосистемийн энэхүү сүйрэл доройтлын улмаас дараагийн зуун жилд нэг сая зүйл (500,000 зүйлийн амьтан, ургамал, 500,000 зүйлийн шавьж) устаж мөхөх аюулд тулж ирээд байна. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байх юм бол үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Олон арван жилийн турш хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдтайгаар ашиглаж ирлээ. Өнөөгийн бидний амьдралын хэв маягаас үзвэл дэлхийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 1.6 дахин илүү хэмжээний эрэлт бий болоод байна. Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм.
Юуны өмнө дараах гурван арга хэмжээ хамгийн чухал гэж судлаачид үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.