СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-09-10

Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буй “ Итгэл даах төрийн албаны зөвлөл” уриатай зөвлөгөөн өнөөдөр /2020.09.10/ эхэллээ.

Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна. Ковидын халдвараас сэргийлэх, халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүртээмжтэй байлгах зорилгоор 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэж байна.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн ёс зүйн эрх зүйн орчин

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохих хууль тогтоомж, эрхийн актууд батлагдан гарсаар байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, зан суртахууныг зөв удирдан чиглүүлэх хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байгаа бөгөөд. Түүнчлэн төрийн бусад ажил үйлчилгээ, мэргэжлийн албан хаагчдын 30 гаруй ёс зүйн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр олон ёс зүйн дүрэм, журмуудыг нэгдмэл үзэл баримтлалд оруулах шаардлага ч бий юм.

 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн нэр хүндийг дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгон үнэлэх тогтолцоог хэвшүүлж, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд үл өөрчлөгдөх авлига, хүнд суртал, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тулгуур үзэл санаа байдаг бөгөөд эдгээр нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм журамд шингэсэн байх учиртай.

Энэ дүрэм ёсоор төрийн албаны бүх шатны байгууллага (25-аас дээш ажиллагсадтай)-д ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Өнөөдөр энэ танхимд цугларсан та бүхэн бол эдгээр зөвлөлийн төлөөлөл юм. 

Улсын Их Хурлын гишүүдийг төдийгүй, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагын үүднээс УИХ “Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-г өргөтгөж “Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо” байгуулсан.

Төрийн албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн  албан тушаалтан Та мартаж болохгүй.  

Төрийн албан дахь ёс зүйгүй, соёлгүй, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, ёс зүйтэй, соёлтой, шударга үйлдлийг түгээн дэлгэрүүлэх асуудлаар  өнөөдрийн зөвлөгөөн дээр гарсан шүүмж, санал, дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохыг уриалж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.