НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Тарваган тахал өвчний улмаас долоодугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэх товчоонд холбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй” гэсэн мэдээллийг өгөв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах 9857 ширхэг "сайн" картыг шинээр түгээлээ” гэлээ.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Эмээлт болон Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Морин, Гүн, Хонхор, Налайх, Тэрэлжийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд нийт 26 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Улаанбаатар хотоос 2421 тээврийн хэрэгслээр 5394 иргэн гарч, 2920 тээврийн хэрэгслээр 6861 иргэн нэвтэрсэн байна.
Үүнээс түүврийн журмаар ирж байгаа 1375 тээврийн хэрэгсэлд орж байгаа 583 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Учир нь иргэд сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос авч гарч буй зөрчил илэрсэн.
Шалгалтаар нийслэл рүү 38 тонн сүү, 484 куб метр мод, 136 тонн мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн, 150 ширхэг шир нэвтэрсэн байна. Шалгалтын үеэр Хархорин худалдааны төвд энгийн зуух худалдаалж байсан зөрчил илэрсэн тул Хархорин хүрээ ХХК-нд нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Өнгөрсөн өдрүүдэд Архангай, Хөвсгөл аймгаас гурван ширхэг тарвага тээвэрлэн оруулж ирсэн зөрчлийг илрүүлсэн ба тарвагыг ЗӨСҮТ-д устгалд оруулсан. Нийтийн тээвэрт тарваганы 73 ширхэг лаазалсан махыг дайварлан авч явсныг илрүүллээ. Иймээс дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж үзэхгүй бол өөрсдөө торгуульд унах эрсдэлтэй байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.