АНУ-ын дараагийн төрийн тэргүүнийг сонгох сонгууль ирэх 11 дүгээр сард болно. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.
Түүнийг нэр дэвшүүлсэн хүн нь Норвегийн хэт барууны үзэл баримтлагч улс төрийн зүтгэлтэн Кристиан Тайбринг Жедде ажээ. Тэрээр Трамп Израйль болон Арабын нэгдсэн Эмиратын хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулахад зуучилсан нь 2021 оны Нобелийн шагналд дэвшүүлэх гавьяа мөн гэж үзжээ.
Жедде “Миний бодлоор Трамп Нобелийн шагналд нэр дэвшиж байгаа бусад нэр дэвшигчтэй харьцуулахад энх тайвныг бүтээхээр илүү их хичээл зүтгэл гаргасан. Тиймээс шагналын хороо бодит баримт материал дээр тулгуурлан шийдвэрээ гаргах ёстой” хэмээн ярьсан байна.
Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдийн дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг улс төрчид олон байдгаас гадна их сургуулийн профессорууд, гадаад бодлогын хүрээлэнгийн захирлууд, идэвхтэн тэмцэгчид ч багтдаг. Энэ жилийн Нобелийн шагналтан нэрлэгдээгүй байгаа ч одоогоор 318 хүн, олон улсын байгууллага нэр дэвшжээ.
Харин Трамп уг нэр хүндтэй шагналын эзэн болж чадах эсэхийг мэдэхэд дахин жил нэг сарын хугацаа шаардлагатай. Тэгвэл Трампын нэрийг уг шагналд дэвшүүлсэн анхны тохиолдол энэ биш юм. 2018 онд мөн Норвегийн барууны үзэл баримталдаг улс төрчдийн нэг Хойд ба Өмнөд Солонгосын харилцаанд оруулсан хүчин чармайлтыг нь үнэлж Нобелийн энх тайвныг шагналд анх удаа нэр дэвшүүлжээ.
Энэ удаад шагналын эзэн болох өндөр магадлалтай гэж Тайбринг Жедде үзэв. Яагаад гэвэл өнгөрсөн сард Израйль, Арабын нэгдсэн Эмиратын харилцаа сайжирснаар Израйлийн тал палестинчуудын амьдардаг баруун хөндий рүү дайрах явдлаа түр зогсоож, хариуд нь Израйлийн тусгаар тогтнолыг Эмиратын вант улс хүлээн зөвшөөрсөн юм. Үүгээр ч зогсохгүй энэ сарын эхэнд талууд харилцан агаарын хилээ нээх болсноо тунхаглан өөр хоорондоо нислэг үйлдсэн билээ.
Израйльчууд өөрсдийгөө тусгаар улс гэж үзэж дэлхий нийтэд зарласан 1948 оноос хойш гурав дахь удаагаа Арабын оронтой энхийн хэлэлцээр байгуулсан юм.
Дональд Трампаас өмнө АНУ-ын төрийн тэргүүнүүд Нобелийн энх тайвны шагналд удаа дараа нэр дэвшиж байсан төдийгүй хүртэж ч байсан удаатай. Тухайлбал Уильяам Ховард Тафт, Херберт Хүвер, Франклин Рузвельт нар нэр дэвшиж байжээ. Харин Трамп шагналыг хүртвэл тус шагналын эзэн болсон Америкийн тав дахь төрийн тэргүүн байх болно.
1906 онд Теодр Рузвельт, 1920 онд Вүдроу Вилсон, 2002 онд Жимма Картер, 2009 онд Барак Обама нар Нобелийн энх тайвны шагналтнууд болсон билээ. Барак Обама Ерөнхийлөгчийн албанд очоод удаагүй буюу ердөө хоёр сарын дараа Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн нь тухайн үед шүүмжлэл дагуулж байжээ. Харин тэрбээр шагналыг дагалдаж ирсэн 1,4 сая ам.долларыг цөмийг нь сайн үйлсэд хандивласан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.