СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-09-10

Мах идэж болох эсэх талаар эрдэмтэд ийнхүү өгүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Эдгээр бүтээгдэхүүн хийгээд төрөл бүрийн хорт хавдрын хооронд холбоо хамаарал байгааг эрдэмтэд олж тогтоосон аж. Гэтэл саяхнаас эдгээр үр дүнг үгүйсгэсэн судалгаанууд бий болжээ. Маргаан дэгдэв. РИА Новости энэхүү маргаанд хэн нь зөв болохыг олохоор ажиллажээ.

ХИАМ, МАХНААС ҮҮСДЭГ ӨВЧНҮҮД

2015 оны аравдугаар сард олон сая дээж сорьц бүхий хэдэн арван судалгааны үр дүнг арван улс орны 22 шинжээч магадлан шинжилж түүхий болон боловсруулсан мах эрүүл мэндэд аюултай гэсэн нэгдмэл дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний тооцоолсноор 50 грамм хиам, зайдас, аль эсвэл гэрийн котлет тус бүр бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг 18 хувиар нэмэгдүүлэх ажээ. Үүнээс гадна эрэгтэйчүүд нойр, түрүү булчирхайн хорт хавдраар өвдөх магадлал эрс нэмэгдэнэ.

Хорт хавдрыг судлах олон улсын агентлаг эдгээр баримтыг үндэслэн түүхий болон боловсруулсан махыг хорт хавдрын генийн магадлалтай болон баталгаажсан жагсаалтад оруулж, архи, тамхины утаа, хүнцлийн нэг адил дээд зэргийн аюултай бүтээгдэхүүний ангилалд хамааруулжээ. Ингэхдээ мэргэжилтнүүд мах өөрөө дангаараа хортой биш гэдгийг тодотгосон. Махыг нөөшлөх, утах, хуурч шарах, давслах зэргээр боловсруулахад ашигладаг химийн бодист хэргийн учир оршдог байна.

Дашрамд дурдахад, хүний организмд байгаа сахартай холбогдож эсийн нэгэн хэсэг нь болох чадвартай, өөрт нь агуулагддаг моносахарид N-гликолилнейрамины хүчил (Neu5Gc) түүхий махыг хорт хавдрын гентэй болгодог хэмээн Бразилийн болон Америкийн биологчид үзэж байна. Дархлааны тогтолцоо ийм эсийг гадны өөр төрлийн эс байдлаар хүлээн авч, улмаар үрэвслийн үйл явц эхэлдэг. Энэ нь юуны өмнө хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.

Хожим нь эдгээр дүгнэлтийг зөвхөн баталгаажуулсаар л ирсэн. Тухайлбал, 2018 онд британчуудын хоол хүнсний дадал зуршлыг судалсан Лидийн (Их Британи) их сургуулийн судлаачид махнаас татгалзаж, шувуу, эсвэл загасаар хооллодог хүмүүс хавдрын өвчнөөр бага өвддөг болохыг тодруулжээ. Британийн болон Францын хавдрын эмч нарын тооцоолсноор өдөр бүр 76 грамм түүхий болон боловсруулсан мах иддэг хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал дөнгөж 20 грамм мах хэрэглэдэг хүмүүсийг бодвол 20 хувь өндөр байдаг ажээ.

АЙХАД НҮД ТОМОРНО

Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард эрдэм шинжилгээний Annals of Internal Medicine сэтгүүл түүхий болон боловсруулсан махны аюулыг дэндүү дэвэргэсэн болохыг нотолсон цуврал нийтлэл гаргажээ. Юутай ч нэг сэдвээр явуулсан хэд хэдэн судалгааны үр дүнг судалсан дөрвөн мета-анализийн нэгээс нь ч энэ бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэх, эсвэл зүрх судасны өвчинтэй холбоо хамааралтай болохыг олж тогтоогоогүй байна.

Тухайлбал, хавдрын эмч нар нийтдээ зургаан сая гаруй хүн оролцсон 105 судалгааны баримтыг задлан шинжилсэн талаар нэгэн бүтээлд өгүүлжээ. Тэдгээр хүний дунд маханд дуртай (өдөрт таваас дээш порц махан хоол иддэг) болон хоёр порц махан хоол иддэг цагаан хоолтон байв. Сайн дурынхныг ажиглах хугацаа хоёроос 34 хүртэл жилийн хооронд хэлбэлзэж байсан аж.

Хиам, котлетанд дуртай хүмүүст амьтны гаралтай бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй, эсвэл маш бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсээс бүдүүн гэдэс, хөх, түрүү булчирхайн хорт хавдраар өвдөх явдал төдийлөн их биш байжээ. Үүнээс гадна махан хоол болон зүрхний миокардын шигдээс, эсвэл зүрхний бах өвчин хооронд статистикийн хувьд корреляцийн томоохон ялгаа гараагүй байна.

Дөрвөн сая оролцогчтой 61 орчим судалгаанд хийсэн хоёр дахь мета-анализийн судлаачид мөн иймэрхүү үр дүн гаргаж авчээ. Түүхий болон боловсруулсан мах хэрэглэсний улмаас хийгээд үхлийн бүх шалтгааны эрсдэл болон зүрх судасны өвчлөлийн хооронд холбоо хамаарал илрээгүй байна.

Махан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах тохиолдолд хорт хавдраар өвдөх магадлал эрс буурахыг гурав, дөрөвдүгээр нийтлэлийн зохиогчид олж ажиглаагүй байна. Тэгэхээр эрүүл мэндэд ноцтой үр дагавар дагуулах вий гэж болгоомжлолгүйгээр зайдас, хиам, котлет зэргийг үргэлжлүүлэн идэж болно хэмээн судлаачид онцолж байна.

МАХ ИДЭХИЙН ХҮСЛЭН

Annals of Internal Medicine сэтгүүлийн энэ дугаар тэр даруйдаа хурц шүүмжлэлийн бай болов. Америкийн кардиологийн ассоциаци, Америкийн хавдрын нийгэмлэг, Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургууль зэрэг байгууллага эсэргүүцэв. Иймэрхүү нийтлэлүүд хоол хүнсний тухай шинжлэх ухаанд, ерөөсөө шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд итгэх итгэлийг алдагдуулж байна хэмээн эрдэмтэд онцлов. Нийтлэлийг бичигчдийн дүгнэлтүүд нь тэдний задлан шинжилгээ хийсэн баримтуудтай зөрчилдөж байгааг мэргэжилтнүүд онцолж заасан.

Сэтгүүлээс тэдгээр нийтлэлийг эгүүлэн татахыг зарим нь шаардсан боловч ийм хэт туйлширсан арга хэмжээг гол төлөв цагаан хоолтон болон уламжлалт бус аргын эмчилгээнийхэн санал болгодог.

Юутай ч, эрүүл мэндийнхээ төлөө айж зоволгүйгээр түүхий болон боловсруулсан мах хэрэглэж болох тухай нийтлэлүүдийг эгүүлж татаагүй, тэд байрандаа хэвээр байгаа. Адил төстэй нийтлэлүүд одоохондоо дахиж гараагүй. Харин махан хоол хор хөнөөлтэй тухай шинэ бүтээлүүд гарч байгаа ажээ.

Тухайлбал, Баруун хойдын болон Корнеллын их сургуулийн (АНУ) эрдэмтэд долоо хоногт хэрэглэсэн хоёр порц түүхий болон боловсруулсан мах (загаснаас бүрмөсөн татгалзсан үед) зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг гурваас долоон хувь, бүх төрлийн шалтгаанаар үхэлд хүргэх эрсдлийг гурван хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоосон ажээ.

Дамдины ЭНХЭЭ

2020.9.10 ПҮРЭВ № 175 (6400)

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.