Кардашианы гэр бүлийн бодит амьдралыг олон жилийн турш үзэгчдэд харуулсан "Keeping Up With The Kardashians" телевизийн реалити шоу өндөрлөх гэж байгааг Ким Кардашиан Уэст мэдэгджээ. Тэрээр "Keeping Up With The Kardashians" шоутай салах ёс хийх хүнд хэцүү шийдвэрийг бид гэр бүлээрээ гаргасан" хэмээн өөрийн Твиттер хуудаснаа нийтэлсэн юм.
Уг шоу 14 жилийн турш үргэлжилсэн бөгөөд нэвтрүүлгийн ачаар Ким Кардашиан болон түүний аав, ээж, эгч, дүү нар төдийгүй хамтрагчид, хүүхдүүд нь дэлхийн хэмжээний одууд болсон билээ. Тэгвэл тус шоуны сүүлийн буюу 21 дэх цуврал нь 2021 оны эхээр цацагдах аж.
Шоуны гол дүр гэж хэлж болох Ким Кардашиан Уэст нэвтрүүлгийн хүрээнд хамтран ажилласан "мянга мянган хувь хүн, бизнесийн байгууллага"-д талархлаа илэрхийлээд "Өнгөрсөн 14 жилийн хугацаанд намайг болон миний гэр бүлийнхнийг үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст би маш их талархаж байна" гэсэн юм. Тэрээр мөн "Энэ шоу өнөөдрийн биднийг бүтээсэн бөгөөд бид нарын карьерыг босгож, амьдралыг нь мөнхөд өөрчилсөн бүх хүнд үүрд өртэй байх болно" гэжээ.
❤️💔 pic.twitter.com/PaAF4hgmU5
— Kim Kardashian West (@KimKardashian) September 8, 2020
Мэргэжилтнүүдээс их хэмжээний шүүмжлэл хүртсэн хэдий ч шоуг сая сая хүн үзэж, олон төрлийн шагнал хүртэн, "E!" сувгийн хамгийн амжилттай нэвтрүүлгүүдийн нэг болсон юм. Өдгөө 39 настай Ким одоо олон нийтийн сүлжээн дээрээ олон зуун сая дагагчтай болж, цэцэглэж буй гоо сайхны бизнесээ удирдан, дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болсон. Мөн тэрээр 2014 онд реппер Канье Уэсттэй гэрлэн, гурван хүүхэдтэй болж, хамтын хөрөнгө нь тэрбум гаруй ам.долларт хүрсэн билээ.
"Keeping Up With The Kardashians" анх 2007 онд эхэлж байхад хүүхдүүд байсан Кендалл, Кайли Женнер нар одоо мөн алдарт гарч, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон. Мөн адил өөрийн гэсэн амжилттай гоо сайхны бизнес эрхэлдэг Кайли Женнерийг Форбс сэтгүүл 2019 онд өөрийнхөө хүчээр хөрөнгө мөнгөнд хүрсэн бүх цаг үеийн хамгийн залуу тэрбумтнаар тодруулж байсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.