Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ханхүү Харри эхнэр Меган Мэркл, гэр бүлийн хамт хатан хааны гэр бүлээс тусдаа амьдарч, язгууртны эрх ямбаас татгалзаж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ удаад ханхүү татвар төлөгчдийн мөнгөөр сэргээн завсарласан Виндсор шилтгээний ойролцоох Фрогмор зуны байшингийнхаа зардлыг эргүүлэн төлсөн байна.
2018-2019 оны хооронд тус байшинг сэргээн засварлахад 2,4 сая фунт стерлингийн зардлыг татвар төлөгчдийн халааснаас авсан байна. Харри, Меган нар эрхэм дээдсүүдийн хүлээх эрх үүргээс татгалзсан даруйдаа уг зардлыг эргүүлэн төлөхөө амлаад байсан юм.
Сассексын гүн Харригийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр “Хатан хаан хоёрдугаар Элизабетийн ивээл дор буцалтгүй тусламжаар дамжуулж татвар төлөгчдийн мөнгөөр Фрогмор байшинг сэргээн засварласан 2,4 сая фунтыг албан ёсоор бүрэн бүтэн буцаан төлж байна. Хэдийгээр хааны удмын гэр бүлийн үүрэг хариуцлагаас татгалзаж Их Британиас явсан ч энэ байшин ханхүүгийн гэр бүлийн анхны гэр хэвээрээ үлдэх болно” гэжээ. Байшин одоогоор хоосон байгаа юм.
ВВС агентлагийн мэдээлснээр Сассексын гүн болон гүнгийн авхай Нетфликстэй олон жил үргэлжлэх баримтат болон хүүхдүүдэд зориулсан шоуны гэрээ байгуулахаар болж тохиролцолд хүрснээс хэдхэн хоногийн дараа байшингийн засварт орсон зардлыг буцааж төлжээ.
Их Британийн хатан хааны гэр бүлийн хэрэглээнд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах явдал хэдэн арван жилийн турш ээдрээтэй, анхаарал татсан сэдэв байсаар ирсэн юм. Тухайн үед байшинд хийсэн засварын зардал ч мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох сэдэв байсан.
Харри, Меган нар бяцхан хүү Арчигийн хамт хааны удмын гэр бүлээс тусдаа амьдрахаа энэ оны эхэнд мэдэгдэж, гуравдугаар сард албан ёсоор эрх үүргээсээ татгалзсан билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.