Хятадын ардын аман зохиол “Муланы дууль”-аас сэдэвлэн бүтээсэн Диснейн “Мулан” УСК энэ сарын 4-ний өдөр дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд удаагүй ч кино зураг авалтын хэсгийг Хятадын Шинжаан Уйгурт авсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Учир нь Шинжаан бол Хятадын үндэсний аюулгүй байдлын эмзэг сэдэв бөгөөд тэнд исламын шашинтай иргэдийн эрх зөрчигдөж байгаа гэж олон улсын байгууллагууд мэдээлсээр ирсэн билээ. Шинжааны сая орчим иргэнийг Хятадын Засгийн газар дахиан боловсрол эзэмшүүлэх төв, хорих лагериудад баривчлан саатуулсан гэх мэдээлэл байдаг.
Зураг авалтын хэсгийг хүний эрх ихээр зөрчигддөг газарт хийсэн гэх шүүмжлэл дагуулахаас өмнө киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй Хонконг дахь ардчиллын төлөөх жагсаалыг буруутгасан хэргээр эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Дисней компанийн зүгээс энэ талаар ямар нэг мэдэгдэл хараахан хийгээгүй байна.
Дисней “Мулан” хүүхэлдэйн киногоо хамгийн анх 1998 онд аавынхаа өмнөөс армид элссэн залуу бүсгүйн түүхийг өгүүлэн бүтээсэн нь олны таашаалд нийцсэн билээ. Харин энэ удаа уран сайхны кино бүтээлийг Азийн зарим үзэгч дэлгэцэнд гаргахгүй байхыг уриалаад байна.
Муланы дүрийг бүтээсэн Хятад гаралтай жүжигчин Лю Ифей ойрын саруудад газар авсан Хонконгийн ардчиллыг дэмжсэн жагсаалын эсрэг хүч хэрэглэсэн гэж буруутгагдаад буй цагдаагийн ажилтныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ явдлыг Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вон хурцаар шүүмжлэн буруутгасан байна.
Үүний дараахан Дисней зураг авалтад дэмжиж тусалсан Шинжаан дахь төрийн албаныханд талархлаа илэрхийлсний дунд Турпан хотын олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчоо, Шинжаан Уйгурын автономит бүсийн БНХАУ-ын Коммунист намын олон нийт хариуцсан хороо багтсан байна.
Дээр дурдагдсан Турпан дахь олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчоо нь Хятадын дахин боловсрол олгох лагериудыг хариуцдаг бөгөөд энд олон мянган хүн хоригдож байгаа гэж хүний эрхийн байгууллагууд шүүмжилсээр ирсэн юм. Турпан гэх Шинжааны зүүн нутагт орших энэ хотод Хятадын Засгийн газрын дахин боловсруулах анхны лагерь баригджээ.
Дашрамд сонирхуулахад “Мулан” УСК-г бүтээхэд 200 сая ам.доллар зарцуулсан бөгөөд одоогоор 6 сая ам.долларын ашиг олоод байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.