ХБНГУ-ын нийслэл Берлин хотын Чарите эмнэлэгт команд орсон байдалтай хэвтэн эмчлүүлж буй ОХУ-ын сөрөг хүчний тэмцэгч Алексей Навальный комын байдлаас гарсан тухай эмнэлгийн даваа гарагт хийсэн албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Эмнэлгийн мэдэгдэлд Навальный комын байдлаас гарч, механик амьсгалын аппаратыг салгасан ч хэр хүнд хордож, хэр удаан эмчлэгдэхийг тодорхойлон хэлэхэд эрт байна хэмээн онцолсон байна.
Навальный бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хурцаар шүүмжлэгч, олон улсад танигдсан сөрөг хүчний удирдагч, тэмцэгч юм. Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр Сибирийн Томск хотоос нийслэл Москва руу нисэх замдаа хордож биеийн байдал нь муудсанаар Омскод ослын буулт хийн, хоёр хоногийн дараа Герман руу ниссэн. Томскийн нисэх буудал дээр уусан цайны аяганд хор түрхсэн гэж дэмжигчид нь үзэж байгаа.
Үүнээс хойш даваа гарагийг хүртэл команд орсон байдалтай байсан. Түүнийг ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн Новичок хороор хордуулсан гэдгийг Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Германы цэргийн лабораторид хийсэн шинжилгээний дүгнэлтийг тус улсын Засгийн газар болоод Европын Холбооны удирдагчид хүлээн зөвшөөрсөн хэмээн тэрээр нэмж хэлсэн билээ.
Европын улс орнууд Навальныйг Новичокоор хордуулж амь насанд нь хүрэхийг оролдсон явдалд хариулт өгөхийг Кремлийн ордноос тулган шаардаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.