Цахим тоглоомоор дамжуулан танилцсан есөн настай сурагч охиныг хулгайлж, түүнийг хоёр хоног гаруй хорьсон 38 настай эрэгтэйг Токио хотын цагдаа нар баривчилжээ.
Бямба гарагт баривчлагдсан Акихито Отаке охиныг лхагва гарагийн 16:00 цагийн орчимд хулгайлсан гэдгээ хүлээсэн байна. Тэрээр Токио хотоос баруун урд зүгт орших Иокохама хотын зам дээр охиныг машиндаа суулган хулгайлсан байжээ.
Отаке олон тоглогч баг болон хуваагдаад, хоорондоо өрсөлддөг онлайн тоглоомоор дамжуулан тус охинтой танилцсан байна. Эцэг, эхийнхээ гар утсаар тоглож байсан охинд хэрэгтэн хэзээ, хаана уулзахаа уг тоглоомын дуут чатаар хэлсэн болохыг мөрдөн байцаагч нар илрүүлсэн аж. Тэрээр хохирогч охиныг хамт тоглоом тоглохоор урьсан байжээ.
Охин лхагва гарагт цэцэрлэгт хүрээлэнд хамт тоглож байсан зарим найздаа "Токиогийн найзтайгаа уулзана" гэж хэлсэн байж. Тэгвэл охин тэр өдөр эцэг, эхдээ амласан ёсоороо 17:00 цагт гэртээ ирээгүй тул ээж нь цагдаад хандсан байна.
Цагдаа нар орон нутгийн хяналтын камеруудын бичлэгийг шүүн, Отакегийн автомашиныг олж тогтоосон бөгөөд Токиогийн Кацушика тойрогт байрлах оршин суудаг газарт нь очсон аж. Ингээд түүнийг бямба гарагийн шөнийн 03:00 цагт гэрээсээ машинаар гарч явахад нь саатуулсан бөгөөд охиныг машины арын суудлаас олжээ.
Азаар охин ямар ч гэмтэл аваагүй байсан бөгөөд хууль хяналтынхан түүнийг тусгай хамгаалалтад аваад байна.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.