"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй 1 500 000 орчим иргэн байсаар байна. Үлдсэн хүмүүсийн ногдол ашиг хэзээ дансанд нь орох талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагаас тодрууллаа.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа:
-Есдүгээр сарын 3-нд 857 000 иргэний ногдол ашиг дансанд нь орсон. Маргааш 400 000 иргэний мөнгө шилжиж орно. Иргэдээс асуулт их ирж байна. Дансаа нээлгэсэн, банкны дансаа холбосон байхад мөнгө орж ирэхгүй байна гэж байгаа.
Бид өмнө нь хэлж байсан. Холбуулсан банкны дугаарыг баталгаатай гэж үзэх боломжгүй. Арилжааны 13 банктай дансуудыг тулгаж үзэхэд 20 орчим хувь нь алдаатай байсан учир буцаасан. Залруулсны дараа бидэнд эргэж мэдэгдсэнээр мөнгө нь шилжиж орно.
Хүүхдийн мөнгөний хувьд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд ногдол ашиг хүртэнэ. Эцэг, эхчүүд И-баримтын данс руугаа ороод хүүхдийн овог, нэр, регистрийг бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр хүүхдийн мөнгө авдаг данс гарч ирнэ. Тэр дансаар авахыг хүсвэл "ТИЙМ" гэсэн товчлуурыг дарснаар авах боломжтой болно.
Нас барсан иргэдийн мөнгөний бичилт бас хийгдсэн байгаа. Засгийн газрын шийдвэр гарахаар өв залгамжлах асуудал шийдэгдэнэ.
Гадаадад байгаа иргэдийн хувьд онлайнаар бүртгүүлж мөнгөө авах бүрэн боломжтой. Үнэт цаасны 52 компани бараг бүгд онлайнаар данс нээж байгаа. Энэ удаад би и-баримтын дансаар мөнгийг олгож байгаа боловч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хоёр дахь шатны арилжаа хэзээ нэгэн цагт хийгдэх учир үнэт цаасны компанид дансаа нээлгэхийг бид зөвлөж байгаа.
Иргэдэд нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2,5 сая иргэний ногдол ашгийг манай данс руу бүрэн шилжүүлсэн. Иргэдийн мөнгө манайд хадгалаастай байна. Энэ мөнгийг хүссэн үедээ авах боломжтой. Ногдол ашгийн мөнгө таны нэр дээр орчихсон байгаа учир хэзээ орох нь цаг хугацааны асуудал гэдгийг хэлмээр байна. Засгийн газрын тогтоол гарахаар хувьцаагаа зээлийн барьцаанд тавих, худалдан борлуулах, өвлүүлэх эрх үүснэ. Тэр бол хувьцаа хөдөлгөөнгүй байгаа.
Есдүгээр сарын 3-наас хойш данс нээлгэсэн иргэдийн мөнгө ороогүй байна гэсэн асуудал байгаа. Дансыг баталгаажуулахад хугацаа хэрэгтэй байдаг. Иргэдийг үүн дээр хүлээцтэй хандаасай гэж хүсэж байна. Бид иргэдийн ногдол ашгийг богино хугацаанд тараах үүргийг хүлээж байгаа. Таны мөнгө эрт, орой хэзээ нэгэн цагт орно. Үүнд эргэлзэх хэрэггүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.