Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн асар том эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид нийслэл Минск хотын Ерөнхийлөгчийн өргөөн ойролцоо дөрөв дэх долоо хоногтоо жагсаж байгаа юм.
Минскийн Тусгаар тогтнолын өргөн чөлөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр 100 мянга гаруй хүн цугларч, Лукашенког огцрохыг шаардан жагсжээ. Тус улсын Брест, Витебск, Гродно зэрэг бусад хотод мөн ижил төрлийн жагсаал өрнөсөн байна.
Энэ үеэр цагдаа нар Минскийн төвийг хуягт тээврийн хэрэгслүүдээр хаажээ. Нүүрээ хар маскаар халхалсан офицерууд хэд хэдэн эрэгтэй жагсагчдыг зодож, баривчлан, фургонд ачиж байсныг гэрчүүд мэдээлсэн юм. Түүнчлэн, дор хаяж нэг хүнийг түргэн тусламжийн машинаар авч явсан гэнэ.
Мөн Беларусын эрх баригчид уг жагсаалын үеэр 100 орчим хүнийг саатуулсан гэж ОХУ-ын "Интерфакс" агентлаг мэдээлсэн юм. Гэвч тус улсын иргэд бууж өгөх бодолгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар эхэлсэн эсэргүүцлийн жагсаал сар шахам зогсолтгүй үргэлжилж байгаа билээ.
Тус улсын сэтгүүл зүйн нийгэмлэгийн гишүүн Борис Горецкий "Ихэнх иргэд эрх баригчдад итгэдэггүй. Тэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Олон хүмүүс эсэргүүцлийн жагсаалыг эхний долоо хоногтоо л зогсох байх гэж бодож байсан. Гэвч тэгээгүй. Бид өөдрөг үзэлтэй байгаа. Бид жагссаар байх болно" гэсэн юм.
Түүнчлэн тэрээр жижиг хэмжээний эсэргүүцлүүд өдөр бүр болж байгааг онцолжээ. Беларусын оршин суугчид өөрсдийн хашаа болон орон сууцны хороололдоо цугларан, 26 жил төр барьсан Лукашенкогийн эсрэг тэмцлээ илэрхийлж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.