ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба олон нийтийн газар алан хядлага үйлдэхээр төлөвлөж байсан нууц цахим бүлэглэлийн 13 гишүүнийг баривчилснаа мэдэгдэв.
Тус албаны мэдэгдэлд "Өргөн хүрээний алан хядлага хийхээр төлөвлөж байсан 13 орос иргэнийг улсын хэд хэдэн бүс нутагт саатуулсан. Тэд гар хийцийн тэсрэх төхөөрөмж, түлшний тэсрэх бөмбөг болон хурц иртэй зэвсэг ашиглахаар төлөвлөж байсан бөгөөд бусад интернэт хэрэглэгчдийг ижил төстэй гэмт хэрэг үйлдэхийг уриалж байсан. Сэжигтнүүдийн 11 нь нэгэн олон нийтийн сүлжээн дэх хаалттай цахим бүлгийн гишүүд байсан" гэжээ.
Албаныхан түүнчлэн "Эдгээр этгээдээс хурааж авсан хувийн өдрийн тэмдэглэл болон хоорондоо харилцсан хэрэгслүүд нь тэднийг гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөөтэй байсныг нотолж байна. Өдрийн тэмдэглэлд тэсрэх бөмбөг үйлдвэрлэх гарын авлага төдийгүй боловсролын болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн газруудад халдлага үйлдэх нарийн төлөвлөгөө байсан" гэсэн юм.
Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс олон нийтэд дэлгэсэн нэгэн бичлэгт саатуулагдсан залуучуудын нэг байв. Тэрээр есдүгээр сарын 1-ний өдөр болдог хичээлийн шинэ жилийн ёслолын жагсаалын үеэр нэгэн сургууль дээр алан хядлагын үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байсан гэнэ.
Бичлэгт түүний бичсэн захидлын хэсгийг харуулсан байна. Тэрээр "Би сургууль дээр террорист үйлдэл хийхийг хүсэж байна. Сургуулийн ёслолд оролцох болно. Би 100 хүн алахыг хүсэж байна" гэж бичсэн байжээ. Түүнчлэн тэрээр бусад гишүүдээс авсан зааврын дагуу гар хийцийн бөмбөг хийсэн байсныг цагдаа нар илрүүлсэн байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.