АНУ-ын “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм болох Жефф Безосын хуучин эхнэр Маккензи Скоттын нийт хөрөнгийн хэмжээ 68 тэрбум ам.долларт хүрч, тэрээр албан ёсоор дэлхийн хамгийн баян эмэгтэй болов.
Түүний хөрөнгө дэлхийн хамгийн том гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "L'Oreal"-ийн өв залгамжлагч Франсойз Беттенкур Мейерсийн 66.8 тэрбум ам.долларыг давсан болохыг "Bloomberg" агентлаг мэдээлсэн байна.
Жефф Безос, Маккензи Скотт нар 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хөрөнгө хуваах гэрээний хүрээнд Скотт 38 тэрбум ам.доллартой тэнцэх "Amazon" компанийн сая сая хувьцааг хүртсэн юм. Өнгөрсөн долдугаар сард тэрээр блогтоо 2019 онд өөрийн хөрөнгийн 1.7 тэрбум ам.долларыг төрөл бүрийн нийгмийн сайн сайхны аянд хандивласан хэмээн бичжээ.
Маккензи Скот ийнхүү дэлхийн хамгийн баян эмэгтэй бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн 12-т бичигдэх болов. Зохиолч, нийгмийн зүтгэлтэн тэрээр Билл Гэйтс, Элон Маск, Марк Цукерберг зэрэг алдартай технологийн магнатуудын ардуур бичигдэж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.