Урлагт элэгтэй, авьяастай хүүхдүүд бүхнийг энэрч хайрлах, аливаа зүйлийн мөн чанарыг мэдрэх мэдрэмж өндөртэй байдаг шиг. Буйд газрын сууринд бяцхан жаалуудаас эхлээд буурлууд нь хүртэл соёлын давлагааг түрэлцдэг юм. Мэдээж бүх зүйлд чиглүүлэх хүн, тэр замд нь хөтлөн оруулсан хэн нэгэн байдаг. Авъяасгүй хүн гэж байдаггүй гэдэг дээ. Тийм учраас л чадахгүй гэдэг үгийн хормойноос тас зуурчихаад гарч ирэхгүй байгаа тэр авъяасыг нь илрүүлэн, ил гаргаж тордох хэрэгтэй болно. Зарим нэг хүмүүс урлагийг юунд ч хэрэггүй, урлагийн хүний идэх хоол нь хүртэл бага гэж хэлэх болсон. Гэвч мөн чанартаа амьдрал туршийн суурь хүмүүжил, хүнээс үг сонсох, авахыг нь аваад хаяхыг хаяж, наанатай цаанатай байхын тухайд учрыг нь олохын төлөө явдаг тийм хүмүүсийг бий болгохын хүслэнд автаж яваа эрхэм хүний, эгэл амьдралыг онцоллоо.
Түүнийг Санжмятавын Дэжид гэдэг. Тэрбээр салбартаа тасралтгүй 16 жил ажиллаж байгаа билээ. Ховд аймгийн Дөргөн сумын соёлын төв 1959 онд “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж, тэр цагаас хойш 61 жилийн зузаан түүхийг бүтээжээ. Банзан шалтай, олон жил давхарлан будсан ханын будагтай, бэлтгэлийн өрөөндөө галлагааны зуухтай, хуучны барилга дотор урлаг, соёлын үйл ажиллагааг зохион явуулдаг байсан нь саяхан. С.Дэжид эрхлэгч, ажилчдын нэгэн голт зүтгэлээр аймгийн соёл урлагийн байгууллагын тэргүүн эгнээнд ортлоо өсөн дэвжжээ. Тэрхүү соёлын төвд орон нутаг судлалын музей бий. Байхгүй зүйл гэж ховор. Анхалж тэнд л олдвор гэгч зүйлтэй танилцаж байв.
Хил залгаа сумуудад тоглолтоор очин, туршлага судалж байхад ийм клубтай болох сон гэж ихэд хүлээдэг сэн. Тухайн үед шинэ клубын сураг дуулдаад л өнгөрнө. Харин олон жилийн тууштай хөөцөлдөөний үр дүнд буюу 2020 онд Дөргөн сумынхан шинэ соёлын төвтэйгээ учран золгосон юм. Энэ үйл явдал сумын иргэдийн талархлыг хүртэж байгааг хэлтэй болгон ярьж, хөлтэй болгон өөрийн биеэр очиж үзэн хүргэх буюу. Жилдээ давхардсан тоогоор 20 мянга гаруй үзэгчдийг хүлээн авч, нийт найман төрлийн дугуйлан хичээллүүлж 80-100 хүүхдийг хамруулдаг гэнэ. Тэдний нэг нь би байсан...
Уран уншлага, яруу найраг, дуу хөгжим, бүжиг, хөөмий, жүжиг, уртын дуу гээд хэн л хөгжихийг хүснэ тэр бүгдэд үүд хаалга нь нээлттэй. Энэхүү дугуйланг явуулахын тулд энд тэндээс шилдэг гэсэн мэргэжилтнүүдийг олж уулзан тохиролцож, амьхандаа их зүйл болж байж 14 хоногийн сургалтыг авч чаддаг. Сэтгэл дутсан газар үр дүн ч дутуу дулимаг. Харин соёлын төвийн хаалгаар гарахдаа хэн ч дундуур сэтгэгдэлтэй гарч харагддаггүй. Хүүхдийн цалгиун инээд, цог жавхаан дунд улам залууждаг тухайгаа ярьсан санагдах юм. С.Дэжид эгч үргэлж инээмсэглэн, түргэн түргэн алхсаар хэний ч хүүхдийг ялгалгүй “миний хүүхдүүд” гэсээр орж ирдэг нь одоо ч санаанаас гарахгүй.
Хөөмийн сургалтанд цөөнгүй хүмүүс хамрагдаж, сурах нэг нь сурч, шантрах нэг нь шантран гарч байлаа. Чадна гэсэн ганцхан үгээр арав алхах ташуур өгч, өөрийгөө дайчлах хийгээд өөртөө итгэх итгэлийн галыг харамгүй өрддөг хүн. Дугуйлангийн тайлан тоглолтоо хийж ажин түжин сууринд анир чимээг нэмнэ. Хүүхдүүдээ дугуйланд явуулахыг хүссэн олон арван эцэг эх, сургалт эхлэх өдрийг тэсэн ядан хүлээдэг мэт санагддаг даа. Уртын дууны шуранхайг ч тал нутагт цуурайтуулсаар буй.
Өлчир жаахнаасаа өв тээгч болохоор шийдэн дууныхаа үгийг цээжилж зогсоо хүүхдүүдээ харах харц нь эхийн хайр шиг дулаан. Аядуу хоолойгоор дуулах нь аргадахын эрхэнд учирлаж буй гэмээр. Багадаа энэ эмэгтэй шиг “эмэгтэй хүн” болно гэж мөрөөддөг байв. Мэргэжилдээ үнэнч байна гэдгийг яс маханд тултал мэдрүүлж, бор зүрхээрээ хөдөөгийн нэгэн сууринд соёлын үрийг тасралтгүй 16 жил тарихдаа хэнийг ч эс ялгав. Яагаад ч юм бүү мэд. Түүнийг хөтлөгч хийж, найраг хэлэхийг сонсох дуртай, яг л радиогийн сэтгүүлчийг дэргэдээ суулгаад яриулж байгаа мэт санагддаг байж.
Тавдугаар ангидаа 24 хуудастай дэвтэр дээр дүүртэл нь шүлэг бичээд Дэжид эгчид аваачиж өгөхөд учиргүй магтаж билээ. Тэр цагаас хойш урмаар дүүрэн найман жил өнгөрсөн байна. Хүнийг хөглөсөн хөгөндөө өөрөө хөглөгдөж амьдарна гэдэг энэ л байх даа.
Соёлын ажилтны амьдрал цаг наргүй, хором тутам шинэ санаагаар сэлбэгдэж, түүнийг ч, үүнийг ч хийх сэн гэх дүүрэн мөрөөдөлдөө дүрэлзэж явдаг нь илхэн. Олон угсаатны язгуур соёлыг хадгалж үлдэхийн хажуугаар орчин үетэй хөл нийлүүлэх нь эхний зорилго. Үр хүүхдийнхээ үлгэр дууриалал болсон энэ эмэгтэйтэй холын замд ч, ойрын ажилд ч хамт явж үзсэн. Гэлээ гээд эндүү ташаа үг нэгийг ч хэлээгүйг нь бодохоор алхам бүрээ цэгнэдэг нь гарцаагүй. “Ямагт яруусна” хэмээх нэртэй номондоо яруухан шүлгүүдээ ч оруулж амжсан. Дээр үеийн шүлэг зохиолын нимгэн цагаан түүврүүд байдаг даа. Дэжид эрхлэгчид ч тийм ном байдаг шүү дээ. Түүнд хүний сэтгэлийн орон зайг гэгээгээр дүүргэх ямар нэгэн шид байгаад би ямагт итгэдэг. Аараг толгодын бэлээр явгалах салхи намдуу. Адар ширтэн суугаа хүний өнгөрсөн гэдэг яруу.
Энэ амьдралаа эргэн харахад зөрсөн, зөрөөгүй олон хүний эгэл мөр дурайж байна. Тэр бүхний дунд арай тод, арай гэрэлтэй нь биднийх байгаасай. Аавын хүү, ээжийн охиныг өд сөдөө дэвсэн байж нисгэсэн түүний ачаар өөрийгөө таньж, өөрийгөө өөртөө хүргэж өгсөн хүн олон бий.
Хүүхэд гэдэг гэгээлэг ертөнц хэмээн шүлэглэн, ардын үрсийг урлагаар угжиж, айсуй ирэх цаг хугацаагаа ч өрөөлийн сэтгэлийн гоо сайханд зориулж яваа хэн нэгэн, өөр хаа нэгтээ байж л таарна. Гэвч түүний заавар, зөвлөмж үргэлж байгаа оносон, үргэлж нисэх өндрийг хэмжихийн адил.
Хөдөөгийн сэлүүнд түүнтэй хүч нэгтгэн, хүүхэд хөгшидгүй соёлын үрийг тарилцаж, мэдрэмж болоод зүрхээ хөглөн байна.
М. ДЭВЭЭЖАРГАЛ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөдөө орон нутагт соёлын үр тарьж байгаа энэ мэтчлэн олон хүн бий. Тэднийг ийн нээж олонд хүргэж байгаа нь сайн хэрэг мөн