Исламын улс зэвсэгт бүлгийн уриа, суртал ухуулга бүхий томоохон хэмжээний цахим номын санг судлаачид илрүүлжээ. Их Британийн Стратегийн хүрээлэнгийн судлаачдын илрүүлсэн цахим номын сан нь Исламын улс бүлэгтэй холбоотой томоохон баримт материалуудын нэг гэж мэдээлсэн байна.
Уг дижитал номын санд 90,000 орчим материал багтсан бөгөөд сард 10,000 гаруй хүн зочилдог ажээ. Хэт даврагсдыг өдөөсөн контент бүхий мэдээллийн санг устгах мэргэжилтнүүдийн хувьд хүндрэлтэй байгаа юм. Учир нь дата мэдээллийн төвүүд нь нэг газарт бус өөр өөр газарт байршсаныг илрүүлжээ. Их Британи болон АНУ дахь терроризмтой тэмцэх албаныхан исламын хэт даврагсад үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж буйд зовниж сонор сэрэмжтэй хандаж байна.
2019 оны аравдугаар сард Исламын улс бүлгийн удирдагч Абу Бакр аль Багдадийг устгасны дараа олон нийтийн цахим сүлжээгээр тус байгууллагыг дэмжсэн пост, контентууд нэмэгджээ. Судлаачдын илрүүлсэн номын санд есөн өөр хэл дээр нийтэлсэн материал, бичлэгүүд байршсан байна. Халдлага дайралт зохион байгуулах төлөвлөхөд шаардлагатай бүх мэдээлэл багтсан гэж Стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мустафа Аяад мэдэгджээ. Мэдээллийн санг “Халифын нууц” хэмээн нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.