Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эм худалдан авах боломжтой болж байгаа. Энэ талаар ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодрууллаа.
Холбогдох яам, тамгын газраас хэрхэн хэрэгжүүлэхийг боловсруулан гаргана. Одоогийн байдлаар хэрхэн, яаж хэрэгжүүлэх шийдвэр ЭМДЕГ-т ирээгүй байна. Тэгэхээр иргэд ес, аравдугаар сард одоо мөрдөгдөж байгаа хөнгөлөлттэй эм авах журмын дагуу авна.
Даатгуулагч нар улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 02-р сарын 01-нээс эхлэн 400.000 төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдсэн.
Тухайлбал таны өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх бол хамгийн бага нь 89 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Ингэснээр даатгуулагчид маань зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдэнэ. Мэдээж тухайн иргэний оношноос шалтгаалж хөнгөлөлт эдэлнэ гэж ойлгож болно. Түүнчлэн хувийн эмнэлэгт таван хоногоос дээш хэвтэн эмчлүүлсэн иргэд уг хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол бас нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байгаа.
Энэ сарын 1-нээс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан Урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхээ нээлгэж эхэлсэн. Тэгэхээр та дараах гэрээ бүхий эмнэлгүүдэд өөрийн насны багцын шинжилгээг өгөх боломжтой. Өнгөрсөн жил та урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний багцийн шинжилгээ өгсөн бол энэ жил дахин өгч болно гэдгийг дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.