Манай улс жил бүр улаан буудай, хүнсний ногооны хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангана гэдэг боловч хавар болохоор импортын хүнсний ногоо, импортын үрийн буудайн асуудал яригддаг. Тиймээс өнөө жилийн төлөв байдал, ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрэнээс тодруулга авлаа.
2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн байна.
Урьдчилсан дүнгээр 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байгаа ажээ.
Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Ургац хураалтын ажилд оюутан, цэргийн алба хаагчдыг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ХААИС-ийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 оюутныг ургац хураалтын ажилд оролцуулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.