Холливудын алдарт жүжигчдийн нэг Дуэйн "The Rock" Жонсон болон түүний гэр бүлийнхэн бүгд коронавирусээр халдварлаад, эдгэрсэн болохыг жүжигчин өөрөө өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.
Дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодорсон Жонсон өөрийгөө эхнэр, хүүхдүүдийн хамт ойр дотнын найзуудаасаа халдвар авсан гэдгээ дэлгээд, Инстаграм хуудасныхаа 196 сая дагагчаа амны хаалт зүүхийг уриалан, цар тахлыг "улс төржүүлэх"-ээс зайлсхийхийг хүссэн юм.
Тэрээр "Энэ бол бидний гэр бүлээрээ туулж гарсан хамгийн хүнд хэцүү зүйлүүдийн нэг байлаа. Зөвхөн би л халдвар авсан байгаасай гэж хүсэж байсан ч гэр бүл маань тэр чигээрээ өвчилсөн байсан нь үнэхээр хүнд цохилт байсан" гэжээ. Түүнчлэн түүний бага насны охид болох Жасмин, Тиана Жиа нар нь цөөн хэдэн шинж тэмдэгтэй байсан бол Жонсон болон түүний эхнэр Лаурен нарын биеийн байдал нэлээн хүндэвтэр байсан гэнэ.
Түүнтэй адил Холливудын шилдэг одод болох Том Хэнкс, Антонио Бандерас, Идрис Элба нар мөн цар тахлаар өвчлөөд байсан ч бүгд бүрэн эдгэрээд байгаа билээ. Харин "Жуманжи" киноны одын амьдардаг Калифорни мужийн халдварын эсрэг хариу үйлдэл эхэндээ магтаал хүртэж байсан ч тус муж нь одоо АНУ-ын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн муж болоод байгаа юм.
Тэгвэл Дуэйн Жонсон энэ талаар "Бид COVID-19 хэмээх энэ аюулт өвчний ард эсэн мэнд гарсандаа талархаад баршгүй. Гэвч зарим хүмүүс, тэр дундаа зарим улстөрчид ч амны хаалт зүүх явдлыг улстөржүүлж байгаа нь намайг түгшээж байна. Энэ бол улс төртэй ямар ч холбоогүй хэрэг. Амны хаалтаа зүү. Энэ бол бодит баримт. Энэ бол зөв зүйл" гэсэн байна.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.