ХБНГУ-ын Засгийн газрын мэдээлснээр ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг алдарт Новичок гэх хороор хордуулсан хэмээн баталжээ. Германы канцлер Ангела Меркель Навальныйгийн амь насыг санаатайгаар хорлохыг завдсан бөгөөд дэлхийн нийт Оросын хариултыг хүлээж байна хэмээн мэдэгджээ.
Сөрөг хүчний тэмцэгч Навальный өнгөрсөн сард Сибирьт нислэгийн үеэр биеийн байдал нь гэнэт муудаж Берлин рүү хүргэгдсэн бөгөөд одоогоор комад орсон байгаа юм. Томскоос Москва хүрэх нислэгийн өмнө нисэх буудал дээр түүний цай уусан аяганд хор хийсэн гэж үзсэн.
Ангела Меркелийн хэлснээр Навальныйг хордуулсан хорыг цэргийн лабораторид шинжилж Новичок мөн болохыг баталсан тул үүнд хариулт өгөх газар бол зөвхөн Кремлийн ордон гэлээ. Шинжилгээний хариуг Нато, Европын Холбооны түншүүд хүлээн зөвшөөрсөн байна.
Навальныйгийн ажлын албаныхан Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар хор ашигласан гэж үзэж байна. Харин Кремлийн зүгээс уг хэрэгт холбогдолгүй хэмээн байр сууриа хамгаалсан билээ. Түүнчлэн Германы Засгийн газарт хандаж мэдээллээ бүрэн солилцохыг уриалан Новичокоор хордуулсан эсэх нь баримт нотолгоогүй хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Мариа Захирова мэдээлжээ.
Новичок гэгч хороор 2018 онд Их Британид амьдарч байсан Оросын тагнуулч Сергей Скрипалыг охиных нь хамт хордуулсан юм. Тэднийг амьд үлдэж чадсаны дараа эмнэлэгт байсан британи эмэгтэй нас баржээ. Их Британийн Засгийн газар уг явдалд Оросын цэргийн тагнуулыг буруутгасан байдаг. Ерөнхий сайд Борис Жонсон энэ удаагийн халдлагад ч мөн Оросын Засгийн газрыг холбоотой хэмээн үзэж Навальныйд чухам юу тохиолдсон талаар тайлбар нэхжээ.
Новичок гэдэг нь шинээр ирсэн гийчин гэсэн утгатай үг юм. 1970-1980-аад оны хооронд Зөвлөлт Холбоот улсад гаргаж авсан төв мэдрэлийн системийг хордуулдаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Германууд 45 онд шаалгасандаа өширхөөд гүтгэж байгаа юм. Хохь нь л болохоос. Амаа хамхиж яваагүйн гай.