Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан эсэхэд шалгалт хийжээ. Шалгалтанд бүртгэлтэй 51 /төрийн 25, төрийн бус 21/ сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус буюу 84.3% нь хамрагдан тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авсан байна.
Шалгалтанд хамрагдсан автобусны жолооч нарт автобусны техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусны салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, нөөц суудлын бүрээстэй болохыг даалгажээ.
Мөн сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах ёстойг үүрэг болгожээ.
Энэ хичээлийн жилд 683 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бөгөөд тэдэнд үйлчлэх сургуулийн автобус ердөө 113 ширхэг. Гэтэл ДЭМБ зэрэг байгууллагаас цар тахлын энэ үед сурагчдыг аль болох сургуулийн автобусаар юм уу хувийн унаагаар хүргэж өгөхийг зөвлөж байна. Харин хэзээ сургуулийн автобусны тоог нэмж, хүрэлцээтэй болох нь тодорхойгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.