Коронавирусийн цар тахлын үед гадаадын орнууд Тайванийг БНХАУ-тай андуурах явдал ихээр гарч байгаагийн зэрэгцээ Бээжингийн талаас тус арлыг захирах эрх мэдлээ улам бэхжүүлэх хүчин чармайлт гаргаж байгаатай холбогдуулан Тайванийн удирдлагууд паспортынхаа загварыг шинэчлэн өөрчлөх болсноо мэдэгдэв.
Ингэснээр Тайвань өөрсдийнхөө нэрийг олон улсад илүү ихээр таниулахыг зорьж байгаа юм. Тайванийн одоогийн паспорт дээр "Тайвань" гэсэн нэрийн дээр "Бүгд Найрамдах Хятад Улс" хэмээн англи үсгээр томоор бичсэн байдаг аж. Үүний улмаас коронавирусийн халдварын үеэр Тайванийн иргэд бусад улсад нэвтрэхэд асуудал тулгарсан гэдгийг албаныхан онцолсон байна.
Ирэх нэгдүгээр сараас ашиглалтад орох шинэ паспорт нь "Бүгд Найрамдах Хятад Улс" гэх англиар бичсэн хэсгийг тэр чигээр нь хасах бөгөөд "Тайвань" гэсэн үгийг томруулах гэнэ. Гэвч "Бүгд Найрамдах Хятад Улс" хэмээх нэр нь хятад ханзаар бичигдсэн хэвээр үлдэх аж. Олон улс орон хилээр нэвтрүүлэх шалгууртаа хязгаарлалт тавиад байгаа энэ үед Тайванийн иргэдийг хятад иргэдтэй андуурахаас урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр шинэ паспорт хэрэгтэй гэж тус арлын Гадаад хэргийн сайд Жозеф Ву хэлсэн юм.
Тайванийн Засгийн газар түүнчлэн тус арлын хамгийн том агаарын тээврийн компани болох "China Airlines"-ийн нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.