СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Ковид”-ын журам зөвхөн хүүхдүүдэд үйлчилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Өнгөрсөн хичээлийн жилийн талд нь хүргээд л карантинд орсон хүүхдүүд маань найман сар гэртээ байсны эцэст өчигдөр цуглаж багштайгаа, ангийнхантайгаа уулзлаа. Гэхдээ дуу хуур эгшиглэж, хичээлийн хонх жингэнэн зуны турш уулзаагүй найзууд тэврэлдэн шаагилддаг бидний мэдэх есдүгээр сарын 1-ний өдөр өчигдөр болсонгүй.

Гэрэвшсэн гайхсан харцтай, маск зүүсэн бяцхан жаалууд зай барьж чимээгүйхэн жагсаж зогсоод багшдаа халуунаа хэмжүүлээд сургууль руугаа орцгоов. Ангидаа ороод өөрийнхөө дугаарын дагуу ширээндээ ганцаараа цомцойн сууцгаана. Цэцэрлэгүүдэд мөн энэ өдөр хамгийн их чимээ шуугиан, уйлаан орилоонтой байдаг юм. Харин өчигдөр тийм байсангүй. Арга ч үгүй биз. Аав ээжийнхээ гараас анх удаа анги хамт олны дунд орж цочирддог хоёр настнууд гэртээ үлдсэн юм чинь.

“Ковид-19” гэгч хүн төрөлхтний амьдралын олон хэмнэлийг өөрчилж байгаагийн нэг нь бидний хүүхдүүдийн есдүгээр сарын 1 болсон нь энэ. Манай улсад энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн онцгой дэглэм, хөл хорио одоо ч үргэлжилсээр байгаа.

Сургууль, цэцэрлэгийн насны хоёроос гурван хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд цааш хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй юм, ямартай ч энэ намар ажлаа хийхэд тун төвөгтэй боллоо. , тэврээд явах уу, цоожлоод орхих уу гээд олон асуудалтай өчигдрөөс нүүр тулсан.

Улсын, хувийн цэцэрлэгт нь явуулахаар ковид тархах эрсдэлтэй гээд хорьчихсон мөртлөө хүүхэд харах үйлчилгээнд өгвөл тусахгүй, мөнгийг нь төр даая гэсэн логикгүй шийдвэрийг Их хуралд сонгогдсон эмэгтэй гишүүд нь гаргаж олон нийтийн дургүйг багагүй хүргэсэн. Энэ бүхний цаана хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, боловсролын системд ямар хэмжээний тодорхойгүй байдал үүсч байгааг анзаарч байгаа шийдвэр гаргагч байгаа болов уу. Сургуулийн өмнөх боловсролын насыг гурав болгосон гэж тайлбарлан суухдаа хөгжих, сурах хамгийн чухал үедээ яваа хоёр настнуудын эрхийг хэн нэгэн бодолцож үзэв үү.

Долоо хоногийн гурван өдөр ердөө зургаахан цагийн хичээл үзэхээр догдлон суугаа хүүхдүүд маань эрдэм мэдлэгийг ямар төвшинд авах бол.

Дасан зохицохоос аргагүй, дэлхий нийтээрээ л ийм байна гэж хэлэх байх л даа. Сурагчид автобусанд чихэлдээд явж байхдаа, цахим тоглоомын газар тоглохдоо халдвар авахгүй, харин ангидаа олуулаа сууж босч гүйн дэг зөрчвөл халдвар тархана. Хүүхдээ цэцэрлэгт нь явуулвал халдвар авна, харин цагаан хорхойн шинжилгээг нь өгөхөөр очерлон зогсоход халдвар тарахгүй. Маск зүүсэн томчууд өдрийн од шиг болчихоод байхад хүүхдүүдийг ангидаа маскаа тайлж болохгүй гэсэн. Ойлго гээд байгаа энэ логикийг хичээгээд ч ойлгохгүй байгаа юм.

Автобусанд чихэлдэж явахад ковид тархахгүй, ангидаа олуулаа суувал тархана.

Цэцэрлэгт хүрээлэн, парк, кинотеатр, цахим тоглоомын газар, дэлгүүр, ресторанд үйлчлээгүй хөл хориог хичээлийн танхимд хэрэгжүүлээд нэмэр байна уу?

Халдвар тархах эрсдэлтэй гээд цэцэрлэгт нь авахгүй хэрнээ шинжилгээг нь нэг газарт авна гэж цуглуулах...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.