ЭМЯ-аас “COVID-19” цар тахлын үеийн нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Энэтхэг улсад зургаан сарын хугацаанд тохиолдлын тоо нэг сая хүрсэн бол суурийн гурван сарын хугацаанд халдвар хоёр саяаар нэмэгдсэн байна. Канзасын их сургуулийн туршилт судалгаагаар халдвар хатуу гадаргуу дээр хавар, намрын улиралд зуны улирлаас 5-6 дахин илүү хугацаанд байх магадлалтай болохыг тогтоожээ. Тодруулбал, коронавирус зуны улиралд дунджаар 2-5 цаг амьдрах чадвартай бол хавар, намар 17-19 цаг байж чадна гэж үзжээ. Манай улсын хувьд томуу, томуу төст өвчин эхэлж байгаатай холбогдуулан ханиадны вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан бөгөөд есдүгээр сарын 15-ны онгоцоор ирснээс хойш 2-3 хоногийн дараа вакцинжуулалтыг эхэлнэ. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүүхдүүд болон томуугийн халдвар авах эрсдэлт бүлэг буюу эмнэлгийн ажилтан, цэрэг, цагдаа, онцгой зэрэг төрийн албан хаагчдыг дархлаажуулна. Цаашид Засгийн газрын хөрөнгөөр томуугийн вакцины тендер зарлаж, үлдсэн хүмүүс үе шаттайгаар дархлаажуулалтад хамрагдах боломж бүрдэнэ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн вирус судалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 484 хүний шинжилгээнээс 482 хүний сорьцод халдвар илрээгүй байна. Харин наймдугаар сарын 30-нд Нурсултаны үүрэгт онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
Өнөөдөр 38 настай эрэгтэй эдгэрч, сувиллын ажиглалтад шилжлээ. Ийнхүү манай улсад коронавирусийн батлагдсан 306 тохиолдлын 296 нь эдгэрсэн бөгөөд 96.6 хувь нь эмчлэгдсэн байна. Одоо ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.