Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр МОНЦАМЭ агентлагийн зурагчин Б.Чадраабалын авсан, хөлс нь урсаж буй хүндэт харуулын зураг буусан нь нийгмийн сүлжээгээр “од” болсон. Цэрэг хүн л ийм тэвчээрийг гаргаж чадна гэдгийг, олон ч хүн сэтгэгдлээр үлдээсэн юм. Тэгвэл энэхүү зургийн эзэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан бэлтгэл түрүүч, дэд ахлагч Г.Аригбөхтэй ярилцлаа.
-Албаа сайн хаасан уу. Хүндэт харуулын тусгай ротд алба хаах нь тэр бүр олдох боломж биш байх?
-2019 оны нэгдүгээр ээлжээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XV хорооноос ангидаа хуваарилагдаж очсон. Хүндэт харуулын ангид авахдаа бие бялдрын хөгжил, биеийн өндөр, царайны зөв төрхөөс гадна тэсвэр тэвчээрийг шалгадаг юм билээ. Халагдахдаа ангийнхаа 95 жилийн ойн медаль, “Онц буудагч”, “Талархлын захидал”, “Хүндэт харуулд алба хаасны төлөө” зэрэг медалиар шагнуулсан. Би Зэвсэгт хүчний 032 дугаар анги, тэр дундаа тусгай ротд алба хааж, төрийн торгон цэрэг болсноороо маш их бахархаж явдаг.
-Анх цэргийн зарлан дуудах хуудас ирэхэд яаж хүлээж авч байв. Догдлов уу эсвэл...?
-Яг үнэндээ, надад зарлан дуудах хуудас ирээгүй юм. Би тэр үед Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн II дамжаанд суралцдаг байсан. Өөрийн хүсэлтээр хугацаат цэргийн алба хаахаар шийдэж сургуулийнхаа захиргаанд өргөдөл гаргасан. Тэгээд сургуулиасаа нэг жилийн чөлөө авч, цэргийн албанд мордсон. Миний шийдвэрийг гэр, багш нар маань ч ойлгож, дэмжсэн. Миний бодлоор цэргийн алба гэдэг бол эр хүний заавал давах ёстой давааны нэг.
-ҮБХИС-д суралцдаг гэж байна. Багаасаа л цэргийн хүн болно гэж боддог байсан уу?
-Тийм. Миний багын мөрөөдөл. Аав маань “Миний хүү хугацаат цэргийн алба хаагаад ирсэн нь дээр. Цэргийн амьдралыг тэнд л үзнэ” гэж зөвлөдөг байсан нь нөлөөлсөн байх. Аюулгүй байдлын сургууль цэргийн цолгүй, энгийнээр төгсгөдөг болохоор хугацаат цэргийн алба хаах нь зөв л дөө. Цэргийн тангаргын баярын маргааш анхныхаа ёслолд гарсан юм. Тэр үед Ерөнхийлөгчийн бие хамгаалагч нарыг хараад “Ийм л хүн болъё” гэж мөрөөдөх болсон. Төрийн тусгай хамгаалалтын албанд ороход Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан бол давуу тал болдог юм билээ. Харин одоо аравдугаар сард ОХУ-ын Агаарын цэргийн сургуульд сурахаар явах гэж байна. Төгсөж ирээд, Төрийн тусгай хамгаалалтын албанд орох зорилготой.
-Таны халуун наранд хөлс нь урссан ч үүргээ гүйцэтгэж, цэх зогсож буй зураг цахим сүлжээнд маш өндөр хандалт авсан. Өөрийн зургийг хэзээ харсан бэ?
-Тэр бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Чингис хааны хөшөөний харуулд гарч байх үеийн зураг. Айлчлалаас хоёр хоногийн дараа манай ангийн дарга нар “Чиний ийм зураг явж байна” гээд надад харуулсан. Тэр өдрийн халууныг тэсэж, үүргээ сайн гүйцэтгэсэндээ өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн шүү. Гэхдээ бид ямар ч үед цэх зогсох үүрэгтэй. Хүндэт харуулын үүрэг хүлээсэн цэргүүд одоо ч өөрсдийн хуваарьт цэгт цэх зогсож байгаа.
-Хүндэт харуулын рот төрийн ёслолын бүхий л арга хэмжээнд оролцож, үүрэг гүйцэтгэдэг. Нийт хэдэн ёслолд оролцсон бэ?
-Үндэсний их баяр наадам болон гаднын зочид төлөөлөгчдийн айлчлал гээд нийт 120 гаруй ёслолын арга хэмжээнд оролцсон. Нэг өдөр зургаан ёслолд оролцож байсан удаа ч бий. Ёслолын өмнөх өдөр өдөржин бэлтгэл хийдэг. Ер нь хэзээд бэлэн байх ёстой. Өнгөрсөн жил манай анги Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Тэр өдөр хүндэт харуулууд ангийнхаа хашаанд 5000 дахь ёслолоо хийсэн түүхэн үйл явдал тохиож байлаа.
-Харуулд зогсоход бэлтгэл сургуулилт чухал байх. Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг байв?
-Өдөр бүр өглөө хоёр цаг, өдрийн хоолны дараа хоёроос гурван цагийн бэлтгэл хийдэг. Наадмын үеэр Төрийн есөн хөлт цагаан тугийн харуулд гарах шалгуур тэнцэхийн тулд дөрвөөс таван цаг хөдөлгөөнгүй зогсдог. Тэр шалгуурыг нь давчихвал, бэлтгэлийн цаг нь аажмаар багасдаг. Олон цагаар зогсож бэлтгэл хийх эхэндээ хэцүү ч яваандаа дасчихдаг.
-Сэтгэлдээ тод үлдсэн үүрэг, дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Үндэсний их баяр наадмаараа Төрийн есөн хөлт цагаан тугийн харуулд гарсан минь бахархалтай сайхан санагдаж байсан. Тугийн харуулд гарна гэдэг аавын хүү бүрд олдох боломж биш. Бие бялдрын хөгжил, царайны зөв төрх, тэсвэр тэвчээрээрээ шалгарсан 16 цэрэг хоёр цагаар ээлжилж харуул гардаг. Энэ жилийн наадмаар харуулд зогсож байгаа цэргүүдээ хараад бахархах сэтгэл төрж байлаа. Ахиад ганц удаа ч болов зогсмоор санагдсан. Мөн манай анги тангаргын баярын өмнөх өдөр бүх цэргийн хар сүлдний өрөөнд орох эрхтэй байдаг. Тэр өдөр нь миний 20 насны төрсөн өдөр тохиосон нь надад мартагдахааргүй дурсамж үлдээсэн дээ.
-Мэдээж цэргийн албанаас их зүйл сурсан байх?
-Би цэргийн албаа түрүүч цолтой хаасан. Сая ОХУ руу цэргийн сургуульд явах сонсогчдын хээрийн гаралтад салаан захирагчийн орлогчоор ажиллалаа. Цэргийн эрдэмд шамдан суралцах, эх орноо хамгаалахын үнэ цэнэ, хүнтэй эелдэг харьцах, өөрөөсөө ах хүнийг хүндлэх зэрэг маш олон зүйлийг сурсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мундаг эх оронч залуу байна. Амжилт амжилт
Сайн сайхан хүү байнаа. Нэр хүндтэйгээр цэргийн албаа,хааж байгаа бүх хүүхдүүддээ баяр хүргэн,амжилт хүсье.
Зөв хандалт зөв санаа нь зөв амьдралын суурь юм даа. Аавынхаа ухаалаг зөвлөмжийг дагасан сайн хүү.
жинхэн эр хүн байна