БНХАУ-ын ӨМӨЗО-д олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулах нь төдийлөн нийтлэг үзэгдэл биш ажээ. Гэвч тэд энэ хичээлийн жилийг угтаж Хятадын Засгийн газрын боловсролын салбарт гаргасан шийдвэрийг хүчтэй эсэргүүцсээр байна.
Өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж хүүхэд багачууд сургуульдаа цуглах ёстой байсан ч ӨМӨЗО-ы бага, дунд боловсролын сургуулиудад сурагчид ирээгүй байна. Эцэг эхчүүд төрөлх монгол хэлээр бус хятад хэлээр сурагчдад хичээл заах болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хүүхдүүдээ гэртээ үлдээжээ.
Өвөрмонголын эцэг эхчүүд, залуус эх хэл бичиг, түүх соёлоо хадгалан үлдэхийн тулд хэрхэн тэмцэж байгааг өрнөдийн хэвлэлүүд онцолжээ. Вашингтон Пост болон Нью-Йорк Таймс сонинуудад ӨМӨЗО-ы иргэдийн монгол хэл, соёл, түүхээ хадгалан үлдэхийн тулд хийж буй жагсаал тэмцлийн талаар нийтэлсэн байна.
Дүрэмт хувцастай сурагчид эцэг эхийн хамт жагсаалд нэгджээ
Хятадын Засгийн газрын өнгөрсөн зун баталсан хуулинд ӨМӨЗО-ы нутаг дэвсгэрт бүрэн дунд сургуулиудад хэл утга зохиол, улс төр, түүх гэсэн гурван хичээлийг өмнө монгол хэлээр орохыг зөвшөөрдөг байсан бол үүнийг халж зөвхөн мандарин буюу нийт хүн амын 91 хувийг эзэлдэг Хан үндэстний хятад хэлээр оруулах заалт тусгажээ. Энэ нь өнгөрсөн саруудад эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан улам хурцадмал нөхцөл байдалд шилжиж, эцэг эхчүүд төдийгүй сургуулийн дүрэмт хувцастай хүүхдүүд жагсаал цуглаанд нэгдэн, хуулийн заалтыг эргүүлэн татах саналд гарын үсгээ зурж байна. Мөн ахмад настнууд төрөлх монгол бичгээр өөрсдийн нэрийг бичиж, хурууны хээгээ үлдээн залуу үеэ дэмжин жагсаалд нэгдсэн тухай олон нийтийн цахим сүлжээнд нийтэлжээ.
Гэвч Хятадын эрх баригчдын бодлогыг хэрэгжүүлэгч ӨМӨЗО-ы Боловсролын товчооноос бүх хичээлийг бус гурван хичээлийг л хятад хэлээр оруулах тул өв соёлоо хадгалж үлдэхэд хориг саад болохгүй хэмээн шийдвэрээ хамгаалж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Өвөрмонголын Түнляо, Шилин хотуудад жагсаал өргөн хүрээг хамарчээ. Сургуулийн дүрэмт хувцастай сурагчид хичээл эхлэхийн өмнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд гадаа гудамж талбайд цуглан “Бидний төрөлх хэл бол монгол”, “Бид үхэн үхтэлээ монгол хүн байх болно” хэмээн дуу нэгтэйгээр уриалсан байна.
ӨМӨЗО-д эсэргүүцлийн жагсаалын үеэр сурагч амиа алдсан тухай мэдээлэв
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Т.Энхбатын хэлснээр өчигдөр орой Түнляо хотод эцэг эхчүүд жагсаал хийж, хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байхыг уриалан улмаар орон нутгийн цагдаа нартай мөргөлджээ. Уг мөргөлдөөний үеэр сурагч дөрвөн давхрын цонхон дээрээс унаж амиа алдсан байна.
Т.Энхбат жагсаалын үеэр цагдаа нар жагсагчид руу дайрч, зодсон хэрэг хэд хэдэн удаа гарсан гэжээ. Тэрээр “Бидний амьдрал бүхэлдээ орвонгоороо эргэсэн. Бидэнд үлдсэн цорын ганц өв бол монгол хэл. Энэ л биднийг монгол хүн гэдгийг батлах сүүлчийн бэлгэ тэмдэг. Тиймээс л монголчууд эсэргүүцэл үзүүлж байгаа юм” хэмээн ярьжээ.
1980-аад оны үед Хятадын эрх баригчид засаг захиргааны олон нэгж, олон овог аймгуудын хэл соёлыг үнэлж, хүндэтгэн үзэх нь зүйтэй гэдгийг Үндсэн хуулиндаа тусгасан тул үндэстэн ястнууд харьцангуй тайван амгалан байжээ. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын Засгийн газар Си Зиньпин даргын удирдлаганд овог аймгуудыг нэгтгэж, салан тусгаарлахаас сэргийлэн Хан үдэстний мандарин хэл соёлыг түгээх ажлыг эрчимжүүлжээ. Тухайлбал Түвд, Уйгурт хүч түрэмгийлэн баривчилгаа явуулах болсон нь олон улсын эх сурвалжуудын хараанд өртөж ирсэн. Түүнчлэн Хонконгийн иргэд ч мөн тусгаар байдал, ардчилсан эрхээ алдаж байгаад сэтгэл түгшин олон сарын турш хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн билээ.
ӨМӨЗО-ы Шилин хотын иргэн хоёр хүүхдийн ээж 39 настай Дагуултай утсаар холбогдоход “Монголчууд бид маш том сорилттой тулгарч байна. Хэрэв бид хятад хэлээр хүүхдүүддээ хичээл заалгахыг зөвшөөрөх юм бол монгол хэл маань устах нь гарцаагүй” хэмээн ярьжээ. Тэдний жагсаал тэмцэл тайван замаар үргэлжилж байгаа ч өнөөдөр өглөөний байдлаар Хятадын цахим сүлжээнд оруулсан эх хэлээ хадгалж хамгаалахыг дэмжсэн нийтлэл, санал сэтгэгдлүүдийг устгасан байгааг Нью-Йорк Таймс мэдээлэв. Дагуулын үргэлжлүүлэн ярьснаар “сургуулиас бусад газарт зурагтаа асаахад л хүүхэлдэйн кино хүртэл хятад хэлээр гардаг, тиймээс бидний хүүхдүүд хятад хэл сурахгүй байхвий гэж санаа зовох шаардлагагүй” гэжээ.
Эх сурвалж: Washington Post, New York Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.