Арабын Нэгдсэн Эмират улс Израйлийн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн Ойрхи Дорнодын гурав дахь орон болсны дараа хоёр тал анх удаа албан ёсны шууд нислэг үйлдсэн талаар ВВС мэдээлэв.
АНЭУ болон Израйлийн хооронд энхийн гэрээ байгуулж, холбоо харилцаагаа сайжруулж буйг өнгөрсөн амралтын өдөр үйлдэгдсэн гурван цагийн шууд нислэг батлан харуулж байна. Израйлийг 1948 онд тусгаар тогтнолоо зарлаж, өөрсдийгөө бүрэн эрхт улс гэж үзсэнээс хойш АНЭУ агаарын орон зайдаа Израйлийн агаарын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хатуу хориглоод байсан юм.
Израйль, Эмиратын хооронд анх удаа хийсэн шууд нислэгийг Эль Аль нислэгийн компанийн онгоц үйлджээ. Онгоцонд Израйль, Америкийн төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төлөөлөгчид зорчсон байна.
Орон нутгийн цагаар бямба гарагт Эмират Израйльд хориг тавьсан хууль тогтоомжуудаа албан ёсоор цуцалсны дараа LY971 дугаартай нислэг ийн үйлдэгджээ. Зочдын дунд Израйлийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мейр Бэн Шаббат, хоёр талын энхийн хэлэлцээрийг зуучилсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, ахлах зөвлөх Жэред Көшнер нар багтсан байна.
Түүхэн нислэг үйлдэгдэж онгоц газардсаны дараа Жэред Көшнер түүхэн үйл явдал тохиосныг тунхаглаж, хамтын нислэгт нэгдсэндээ хүндэтгэлтэй хандаж байгаа гэдгээ илэрхийлжээ. Мөн Ойрхи Дорнодын түүхийн шинэ хуудсыг дэлгэж байгаа бөгөөд ирээдүй өнгөрсөндөө баригдах ёсгүй гэдгийг хэлжээ. Тэрбээр энхийн нууц хэлэлцээрийн багийг удирдсан юм.
Израйль, Эмират, Америкийн гурван талын удирдагч, төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцээр хийсний дараа буцах нислэг LY972 дугаартайгаар үйлдэгдэх юм байна.
Арабын Нэгдсэн Эмират Израйлийг хүлээн зөвшөөрснөө өнгөрөгч наймдугаар сарын 13-ны өдөр мэдэгдэж дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд уг шийдвэрийг тун таатайгаар хүлээж авсан. Эмиратаас өмнө Египет, Йордан улсууд 1978, 1994 оны энхийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурснаар Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Ойрхи Дорнодын цөөн улсууд байсан юм. Африкийн баруун хойд хэсэгт байрладаг Арабын лигийн гишүүн Мавритани улс 1999 онд Израйльтай дипломат харилцаа тогтоосон боловч 2010 онд хүчингүй болгожээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.