Японы "SkyDrive Inc" компани "SD-03" нэртэй нисдэг автомашиныхаа прототип буюу туршилтын загварыг анх удаа олон нийтэд дэлгэн, дөрвөн минутын турш амжилттай туршилтын нислэг хийсэн бичлэгээ цацсан байна.
Хэдий нисгэгч автомашиныг удирдаж байсан ч компьютерын тусламжтай удирдлагын систем нислэгийн тогтвортой байдал болон аюулгүй байдлыг хангахад туслалцаа үзүүлж байсан байна. Түүнчлэн талбайн ойролцоо техникийн ажилтнууд нислэгийн байдал, агаарын хөлгийн гүйцэтгэлийг байнга хянаж байсан гэв.
Энэхүү нэг хүний суудалтай нисдэг автомашин нь дэлхийн хамгийн жижиг эгц дээш хөөрөлт болон газардалттай цахилгаан машин аж. Түүний загвар нь дөрвөн сэнс залгасан мотоциклийг санагдуулна.
"SD-03" одоогоор 10 минут орчим нислэг үйлдэх чадвартай байгаа бөгөөд компанийн мэргэжилтнүүд энэ хугацааг 30 минут болгож сунгахаар зорьж байгаа гэнэ. "SkyDrive" эдгээр автомашинуудыг 2023 он гэхэд зах зээлд гаргах зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.