НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр 463 сая хүүхэд коронавирусээс үүдэлтэйгээр алсын зайн сургалтанд хамрагдах боломжгүй болжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан шинэ тайланд дурдсанаар дэлхийн нийт сурагчийн гуравны нэгд нь алсын зайнаас сургалтанд хамрагдах тоног төхөөрөмж болон цахим хүрэлцээ хангалттай бус байгаа аж. НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенриетта Форе “Олон сарын турш хичээл онлайнаар орсноор дэлхийн боловсролын салбар уналтад орж, үр дагавар нь хэдэн арван жилийн дараа эдийн засаг, нийгэмд нөлөөлөх болно” гэдгийг онцолжээ.
Коронавирусийн тахал боловсролын салбарыг түүхэнд байгаагаагүйгээр хамгийн их тасалдалд оруулаад байгаа бөгөөд долдугаар сарын байдлаар дэлхийн 160 орчим орон сургуулиа хааснаар 1.5 тэрбум оюутан, сурагч танхимаар хичээллэх боломжгүй болжээ. Олон улсын энхийг сахиулах байгууллагаас долдугаар сард гаргасан шинэ тайланд төсвийн гүнзгий хямрал, тахлын улмаас үүссэн ядуурлаар арван сая орчим хүүхэд сургуульдаа хэзээ ч эргэж орохгүй болохоор байгаа гэнэ.
Вирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон улс онлайн сургалтад шилжсэн боловч энэ нь баян, ядуу айлын хүүхдүүдийн хоорондын мэдлэгийн зөрүүг улам л өргөжүүлэхээр байгааг судлаачид онцолж байна. НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) тайландаа алсын зайнаас сургалтад хамрагдаж буй боловсролын хүртээмжийн газарзүйн ялгааг харуулсан бөгөөд Африк болон Азийн зарим хэсэгт харьцангуй цөөн хүүхэд онлайн сургалтад хамрагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.