Эрүүл мэндийн сайд эмнэлгийн тусламжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголд нэмж хуулийн өөрчлөлтүүдийг орууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоонд өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад орох шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр цаашдаа эрүүл мэндийн салбарт зөв санхүүжилт хийх, эрүүл мэндийн байгууллагууд хийж гүйцэтгэсний хэмжээгээр цалин урамшуулал авдаг болсноор эмнэлгийн үйлчилгээ сайжрах зэрэг томоохон өөрчлөлтүүд орох юм.
2020 оны 11-р сарын нэгнээс хөнгөлөлттэй эмийг олгох чиглэлээр хуулийн өөрчлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм олгох боломжийг бүрдүүллээ. Бусад хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээс эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт, тусламж үйлчилгээний хүртээмж сайжирна" гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.
-Нэгдүгээр эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд шилжүүлнэ гэдгийг зарим иргэн буруу ойлгоод байх шиг байна. Энэ нь хувьчлалын асуудал огт биш. Эмнэлгүүд биеэ даасан ТУЗ-тэй болно. Эндээс улс төрөөс ангид тодорхой шийдлүүдийг гаргадаг, төлөөлөн удирдах зөвлөлөө өөрсдөө сонгодог болох тухай юм. Энэ онд буюу дөрөвдүгээр сарын нэгнээс УНТЭ, УГТЭ, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжсэн.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэнээр хэд хэдэн сайн өөрчлөлт гарсан. Үүний нэг илрэл эмнэлгийн ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж эхэлсэн. Тухайлбал, хандлагын 10 хувь нэмэгдэж эхэлсэн. Цаашдаа үүнийг 30 хувь болгох, дөрвөн жилийн дараа цалинг 2-3 дахин нэмэхийг төлөвлөж байна.
-Байнгын хорооны хуралдааны үеэр резидент эмч нарын цалингийн асуудлыг ярьсан. Энэ талаар?
-Эмнэлгийн тусламжийн тухай шинэ хуулиараа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэд цалинтай болох ёстой. Тус асуудлыг 2021 оны төсөвт тусгасан. Резидент эмч нар цалинтай болсноор хариуцлагатай үүрэг хүлээх тогтолцоо руу орж байгаа юм. Хариуцлага хүлээж буй мэргэшсэн эмч нарын тоо нэмэгдсэнээр аймаг, сумдад хүрч үйлчлэх боломж бүрдэж байна.
-Коронавирусийн үед ажиллаж буй эмч ажилчдад урамшуулалт цалин олгох тухай яригдсан. Төсвийн тодотголд оруулсан уу?
-Корона вирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй тулж ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг болгож нэг удаагийн 5 сая төгрөгийн урамшуулал олгох, тусгаарлах байруудад болон бусад тохиолдолд ажиллаж буй ажилтнуудад сая төгрөгийн урамшуулал олгохоор төсвийн тодотголд суулгасан. Хууль батлагдвал шууд олгож эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Buh emin sand jaahan tosov ogdog nogooduul ni tanil taldaa ogood duusah bhdaa