Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүслээр албан тушаалаа хүлээлгэж өгөх болсон талаар түүний намаас мэдэгджээ.
Абэ намын удирдлагууддаа Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн гэж Парламентын Дээд танхимын намын ерөнхий нарийн бичгийн дарга Хирошиге Сэко хэлсэн юм. Тус улсын түүхэн дэх хамгийн удаан албан тушаал хашсан Ерөнхий сайд болох Шинзо Абэ асуудал үүсгэхгүйн тулд огцрохоор шийдсэн гэдгийг Сэко тэмдэглэсэн байна. Абэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Түүний эрүүл мэндийн асуудал энэ зуны эхэн үеэс анхаарал татсаар ирсэн бөгөөд тэрээр энэ наймдугаар сард Токиогийн эмнэлэгт хоёр долоо хоног дараалан эрүүл мэндийн үзлэгт ороход олон хүний санаа зовниж эхэлсэн юм. 2021 оны есдүгээр сар дуустал Ерөнхий сайдын албыг хаших ёстой байсан Абэ намын шинэ удирдагч сонгогдон, парламентаас албан ёсоор зөвшөөрөх хүртэл албан үүргээ гүйцэтгэх гэнэ.
Шинзо Абе өсвөр насны үеэсээ эхлээд шархлаат колиттой байсан бөгөөд тэрээр эмчилгээ хийлгэн, өвчин нь хяналт дор байгаа гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Түүний энэхүү архаг өвчин одоогийн нөхцөл байдалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.