“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Ганзоригийг урилаа
Ч.Үл-Олдох
-Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо зуны сургалт-аяллаа саяхан Хөвсгөл аймагт хийсэн. Сургалтын ач холбогдол юунд чиглэж байна?
-Манай холбоо ахмад, залуу, дунд үеийн төлөөллөөс бүрдсэн, нийслэлээр овоглож энэ орон зайд гарч ирсэн байгууллага. Хэвлэл, мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн 63 төрийн бус байгууллагатай ижил статустай ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шинэлэг ажлуудыг үе шаттайгаар амжилттай хийж ирсэн.
Бидний баримталдаг зарчим бол сэтгүүлчдийн боловсрол, ёс зүй, хэвлэл, мэдээллийн салбарын хууль эрхзүй, нийгмийн баталгааны асуудалд түлхүү анхаардаг
Сургалт зохион байгуулж, гадаад, дотоодод харилцаа, хамтын ажиллагааг бий болгохыг зорьж, ажлаа зөв төлөвлөж, дэс дараатай хэрэгжүүлэхийн төлөө манай удирдах зөвлөл идэвхтэй ажиллаж ирсэн. Жил бүр томоохон сургалт-аяллыг эх орондоо болон гадны улс орнуудад зохион байгуулах чиглэл гаргасан. Энэ зуны сургалт-аяллыг Хөвсгөл нуурын эрэгт хийж, 40 гаруй сэтгүүлчийг хамрууллаа. Өнгөрсөн жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ, Байгал нуурын эрэгт зохион байгуулж 50 сэтгүүлчийг хамруулсан.
Яагаад сургалт-аяллыг хослуулав гэвэл манай сэтгүүлчид байнга ажиллаж байдаг. Сүүлийн үед хүмүүс уламжлалт арга барилаар хийдэг сургалтаас залхаж хөндсөн асуудлыг тэр бүр тогтоож авдаггүй нь анзаарагддаг. Аялалтай хослуулж чөлөөт орчин бүрдүүлэхээр оролцоо нь идэвхждэг.
Энэ удаа бид сэтгүүлчийн аюулгүй байдал, иргэдийн мэдэх эрх, мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хөндлөө. Өнгөрсөн жил “Сэтгүүлчийн чөлөөт орон зай” сэдэвт сургалт явуулсан. Манай сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө зүтгэдэг. Ингэхдээ эрсдэлтэй зам туулдаг гэж та бичсэн байсан. Гэтэл бид үүнийгээ өөрсдөө мэдээд байгаа хэрнээ хэлж чаддаггүй. Тиймээс бид сануулж, тодорхой хэсэгт нь ч гэсэн ойлгуулахыг зорилоо. Эргэж ирээд сэтгүүлчдийн маань бичиж нийтэлж байгаа сурвалжлага, нийтлэлүүдээс сургалтаас юу олж харав, юу мэдэж вэ гэдэг нь тодорхой харагдаж байна.
-Цаашид ямар ажлууд төлөвлөв?
-Бид Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн УИХ дахь ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Холбооны болон мэргэжил нэгт нөхдийнхөө байр суурийг тодорхой болгож салбарын анхны хэлэлцүүлгийг санаачлан ХЗДХЯ, Хуульзүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 2018 онд зохион байгуулсан. Хэвлэл, мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөн хийсэн. 2000-аад оны эхээр чөлөөт хэвлэл гэж яригддаг байсан сонинууд, редакцийн эзэн, эрхлэгч нар нь тойрч суугаад бодлого гаргаж ажиллаад болдог байсан. Тэд сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдчихдэг, төрийн байгууллагуудтай ойлголцчихдог байлаа. Одоо тийм зүйл алга. Ний нуугүй хэлэхэд, бүх яам, сайд нар, УИХ-ын гишүүд өөрийн гэсэн хэвлэлтэй болчихож.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай 1998 оны хуульд төрийн байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй хэмээн тодорхой заасан. Гэтэл бүх яам дэргэдээ 3-4 хүний бүрэлдэхүүнтэй, төсөвтэй, тоног төхөөрөмжтэй бүхэл бүтэн хэвлэлийн баг ажиллуулж байна. Төрд ажиллаж байгаа бас нэг баг байдаг, тэрийгээ “Сайдын ажлын алба” гэж цэвэрхэн нэрлэдэг. Зардал мөнгө нь сайдын халааснаас бус улсын төсвөөс гардаг. Улстөрчид бүгд өөрийн дэргэд хэвлэлтэй. Тэнд байгаа “100 айл” –ын зах дээр байдаг шиг “Би чадна” гэсэн нөхдүүд сэтгүүлзүйн салбарыг муухай харагдуулж талцал бий болгож байна.
Бид “би”-гээс салж бид рүү явах ёстой. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо бол МСНЭ-ийн нэг салаа мөчир болсон бүгдэд нээлттэй байгууллага. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид бүх сэтгүүлчдээ урьж, үгийг нь сонсч, хэлэлцүүлэг, сургалт хийж ирсэн. Ирэх нь ирнэ, ирэхгүй нь ч ирэхгүй иймэрхүү байдалтай. Гэхдээ бид ирээдүйг өөдрөгөөр хардаг. Манай холбоо “цүнх” байгууллага биш, бодлогын зөвлөлтэй, ажлын албатай. Буух газар, буцах мөртэй. Хийсэн ажлууд маань салбарынханд хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа нь бидний амжилт юм. Зүгээр сууж байсан бол хэн ч тоохгүй, тэр тусмаа хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд ямар санал өргөн барьсан бэ?
-Бид холбоогоо байгуулж, анхдугаар чуулганаа хийсний дараа хуулийн чиглэлээр олон сургалт явуулсан. Уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Тэндээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх санал гарсан. Ингээд бид “Хэвлэлийн эрх чөлөөний хуульзүйн баталгаа” сэдэвт хэлэлцүүлэг хийсэн. Түүнээс хойш хуулийн төслийг боловсронгуй болгох ажил нэлээд урагшилсан. Түүний дараа МСНЭ-ээс хамтарсан хэлэлцүүлэг явуулсан. Бусад ТББ, холбоод ч идэвхтэй оролцож, хуулийн төсөл УИХ руу явсан.
-Өөрсдийнх нь асуудал яригдаж байхад сэтгүүлдчийн оролцоо сул байна гэх шүүмжлэл сонсогдож байсан?
-Манай салбарт 4000 орчим сэтгүүлч ажилладаг. Ер нь бид өөрсдийнхөө төлөө явдаггүй юм байна. Ажлын хэсэг дээр явж байгаа хэлэлцүүлэг, судалгаан дээр суугаад эх хувийг чинь харъя, зүйл заалттай нь танилцая гэдэг саналыг хүлээж авах хаягийг МСНЭ ч, манай холбоо ч нээж уриалга гаргасан. Нэг ч санал ирээгүй, сэтгүүлчдийн оролцоо маш сул байсан. МУИС-ийн хурлын зааланд хэлэлцүүлэг хийхэд ирдэг хэдэн хүн нь л ирнэ, бусад нь байхгүй. Одоо ид ажиллаж байгаа зарим нөхөд маань сошиалаар шүүмжлэл их өрнүүлнэ, бие биеэ доромжлоод, тэрний нохой, энэний нохой, тэр намын халаасанд хийх гэж байна, энэ намын халаас руу хийх гэж байна гээд талцуулж хөөсрүүлдэг.
Манай салбарынханд том амбицууд байдаг, “би, би” гэсэн нөхдүүд бий. Уг нь салбарын Үндсэн хуультай холбоотой амин чухал асуудал яригдаж байгаа үед гаднаас шүүмжлэх бус хогийн амбицуудаа хойноо хаяж нэг танхимд хамтдаа суугаад ярилцах ёстой байгаа юм. Судалгаа авч судлаач, хуульч, эрдэмтэдтэйгээ ярилцаад, өөрсдийнхөө тодорхой кейсүүдийг гаргаж, үзэл бодлоо уралдуулаад суух ёстой атал манайхан тэгдэггүй юм байна лээ. Явж явж тодорхой санаачлагууд гаргасан хүн дээр маш их буруу ирдэг. Санал санаачилга гаргасан нь нөгөөхөө нухаад үлддэг гажиг байгаад байдаг. ХЗДХЯ-ны ажлын хэсэг өөрсдийн байр суурийг хамгаална, бид бас сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж сөрдөг. Байдал нэг иймэрхүү.
-Гэтэл мэдэх эрхийн төлөө сэтгүүлч эрсдэлтэй замыг туулдаг. Өөрийнх нь аюулгүй байдал аюулд өртдөг. Гэтэл үүнийг олон нийт тэр бүр ойлгодоггүй. “Шантаажчин” гэх нэр хаяг зүүж харлуулж, гутаах үзэгдэл байна?
-Өнөөдөр сошиал орчин хөгжиж, хүн бүр ухаалаг утас барьж, бүгд фээсбүүк, твиттер ашигладаг болсон. Сэтгүүлзүй улам мэргэжлийн болох хэрэгтэй. “Шантааж” гэдэг асуудлыг манай сэтгүүлчид хийдэггүй. Ардаа редакцитай, харъяалах сонин, телевиз, FM радио, сайттай, өөрөөр хэлбэл буух газар, буцах мөртэй сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн сэтгүүлчид Төрийн ордонд ч байна уу, гудамжинд ч байна уу ажлаа хийгээд явдаг. Эд нар маань хэзээ ч тэр “шантааж” гэгч зүйлийг хийдэггүй.
Харин яг энэ завсрын дунд үед сошиал талбарт тоглолт хийдэг сэтгүүлч бус нөхдүүд, бас улстөрч эзэнтэй зарим хүн ганц нэг болсон болоогүй сайт нээчихээд янз бүрийн харилцаа, асуудал үүсгээд, тэрийгээ манай салбарынхан руу тохдог. Тэгээд сэтгүүлч нар тэгж байна, ингэж байна гэдэг нэрэнд оруулдаг. Мэргэжлийн сэтгүүлчид хэзээ ч “шантааж” гээч зүйлийг хийдэггүй. Үүнийг би хаа ч хэлнэ. Сэтгүүлзүйн салбар мэргэжлийн бус завсрын хүмүүсээс салах цаг болсон. Энэ хүмүүсийг манай салбар өөрөө шахах ёстой. Сэтгүүлзүйн салбарынхан хэдий чинээ эв түнжингүй байна, тэр нь завсрын хүмүүст ашигтай. Сэтгүүлчид эвтэй байгаад, бодлогоо бариад явбал салбарынхаа ч, өөрсдийнхөө ч төлөө урагшилж чадна. Тэнд завсрын хүмүүс амьдрах орон зай байхгүй болно.
Манай салбар дөрөв дэх засаглал гэж байгаа ч маш амархан улстөрчдийн олз болж эхэлж байна. Үүнийг сэтгүүлчид өөрсдөө бий болгодог. Салбар маань хуулийн зохицуулалт байхгүй учраас ийм болж байгаа юм.
-Зохицуулалт байхгүй гэж дүгнэж байгаагаа жаахан дэлгэрүүлэхгүй юү?
-Манай салбарт нийгмийн баталгаа хүнд, төрөөс дэмжлэг байдаггүй. Мэдэх эрхийн төлөө сэтгүүлчид маань таны хэлсэнчлэн өөрсдийгөө аюулд оруулан 500-700 мянган төгрөгийн цалинтай, өмссөн хувцас, үзэг дэвтэр, микрофонтойгоо л үзэж тарж явна шүү дээ. Өөр юу байгаа юм бидэнд. Тэгэхээр сэтгүүлчдийн нийгмийн баталгааны асуудалд тухайн редакц анхаардаг ч үүнийгээ бусад улс орнууд шиг тодорхой болгож салбарын асуудлыг хуульчлах ёстой. Ингэвэл хуулиа дагаад редакцууд бодлого бариад явна. Сэтгүүлзүй зөв явж чадвал эрүүл салбар. Харин дундын бүсийнхэн буюу мэргэжлийн бус завсрын нөхдүүд орж ирж сайт байгуулж, сонин, телевиз бий болгож тоглоод ирэхээр биш болгочихоод байгаа юм.
-Сэтгүүлзүйн салбарын залгамж халаа хэр бэлтгэгдэж байна гэж харж байна?
-Манай сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд хэзээ ч редакциудтай хамтын ажиллагаа үүсгэдэггүй. Дөрвөн жил сурч байгаа оюутныг 2-3 курсээс нь дадлагад явуулдаг. Тэд нь өөрсдөө таних, мэдэх хүн хайгаад яваад очдог. Очоод юу хийдэг вэ гэвэл, туршлагатай сэтгүүлчдийн кофе, цайг зөөж байгаад ирнэ. Яг үнэндээ тухайн багшийн зааж байгаа онолын хичээл практик дээр өөр байдаг шүү дээ. Тэгэхээр наад захын ийм асуудлаас эхлэн бид анхаарах хэрэгтэй байна. Сэтгүүлч бэлтгэж байгаа МУБИС, МУИС, Хүмүүнлэгийн их сургууль, СУИС-ийн Радио телевизийн дээд сургууль, УЗНАДС, “Зохиомж дээд сургууль, КУДС гэхчлэн сургуулиуд хэвлэл, мэдээллийн байгууллага, редакциудтай ойр ажиллах хэрэгтэй.
Оюутнаас төлбөр авч, энэ салбарт мэргэжилтэн бэлтгэх гэж байгаа бол төгсөгчид нь ажлын талбарт гараад асуудалгүй ажиллах, шууд ажилтай болох, сурсан мэдсэнээ амьдралд гараад хэрэгжүүлж байдаг болох тал дээр харилцан бие биеэ дэмжсэн бодлого баримталж ажилламаар байна. Гэтэл ийм зүйл ерөөсөө байдаггүй. Энэ талаар манай холбоо анхаарч ажиллая гэж ярьж байгаа.
Уламжлалт байдлаар, тэр багш маань агуу, тэр сэтгүүлч мундаг гэдгээс өөрөөр хармаар байна. Хэн хөдөлмөрлөсөн нь хөгждөг, түрүүлдэг, хождог байдал руу ормоор байна шүү дээ, манай салбар.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.27
ЛХАГВА № 165 (6390)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.