СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-08-27

И.Одончимэг: Зүрх сэтгэл нь хайраар дүүрэн хүн амьдралыг муухайгаар харах нүд, сэтгэлгүй болчихдог

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Залуу гэр бүл, дөнгөж амьдралаа эхлүүлэх гэж биенээ таньж ядаж яваа хосуудад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаараа үлгэрлэж яваа айл өрх олон. Тэдний нэг болох, “Х түц” продакшний жүжигчин, СТА Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нарыг “Хос багана”-даа урилаа. Гэр бүлийн үнэ цэн, хосуудын хүндлэлийн талаар бидний яриа өрнөсөн юм.

-Улс орны хамгийн том үнэт зүйл нь тогтвортой гэр бүл. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр бүл салалт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал болжээ. Залуус гэр бүл зохиохдоо юун дээр алдаад байх шиг байна вэ?

-Т.Бархүү: Хайр сэтгэлийг нэгдүгээрт тавих ёстой. . Хайр, шохоорхлоо ялгаагүй, тухайн хүнийг ямар зан ааштайг ч таниагүй байж гэрлэж, үр хүүхэдтэй болж байгаа нь гэр бүлийн таагүй хандлага нэмэгдэхэд нөлөөлж байна.

Тэгэхээр сонгосон хүнтэйгээ удаан үерх, сайн, муу араншинг нь тань. Миний танил ах, эгч хоёр долоон жил үерхсэнийхээ дараа “Бид бие биенээ таньж мэдсэн, гэр бүл болох ёстой юм байна” гэдгээ ойлгоод, гэрлэсэн тухайгаа хэлдэг юм. . Хосууд биенээ таних гэж
үерхэж байгаа болохоос шууд гэрлэж, хүүхэдтэй болох гэж, нэг нэгнээ өмчлөх гэж үерхдэггүйг ойлгох хэрэгтэй.

-И.Одончимэг: Залуучууд нэг гэрт хурдан орох гэж яардаг болжээ. Бие биенээ таних нь чухал. Ааш зан нь хоорондоо хэр нийцэх юм гэдгийг харах ёстой. Энэ бол гэр бүлийн цаашдын амьдралд хамгийн их нөлөөлдөг.
Хүний амьдралын хамгийн чухал зүйлийн нэг нь ханиа зөв сонгох байдаг. Үүнээс л . Миний бодлоор залуус нэг сонирхолтой, хоббитой байвал зүгээр юм байна гэж боддог. Аливаад хандах хандлага таарддаггүй хоёр хүн хамт байх нь бас төвөгтэй. Гэр бүлүүдийг хараад байхад хандлага нь олон зүйл дээр нийлэмжтэй байж, бат бөх, аз жаргалтай амьдрахын үндэс болдог юм болов уу гэж хардаг. “Энэ хүн миний насан туршийн амьдралд хань болж чадах хүн мөн үү, зовох цагт хамт байх тэсвэр тэвчээр байна уу, сайн сайхан амьдрах тэмүүлэлтэй юу” гэдгийг нь голчилж харах хэрэгтэй. Гэр бүл болно гэдэг хариуцлага ирж байна гэсэн үг. Манайхан .

-Жинхэнэ хайр бол өгөхийг хэлнэ, хэн хэнийхээ эрх чөлөөнд халдахгүй байхыг хэлнэ гээд л олон янзаар ярьдаг. Хайрын мөн чанарыг юу гэж ойлгодог вэ?

-Т.Б: МУГЖ Т.Ариунаа эгчтэй миний хамтарч дуулсан “Чамдаа уусна” дуун дээр “Чиний ертөнцөд уусан уярахдаа чимээгүй догдлолоос хайрыг мэдэрсэн, хамгийн нандин учралыг надад хайр болгон бурхан илгээснийг, чиний харцнаас би мэдэрсэн” гэдэг шиг, уусаж нэг хүн болохыг хэлэх байх гэж боддог. Хүн болгон зорьсон зорилготой, түүндээ хүрэхийн тулд, хамтраад нэг хүн шиг явах ёстой. Миний ханьд байгаа сайн зан чанар надад сууж байдаг. Түүнийг л хайр гэж ойлгодог доо.
-И.О: Хайрыг хэн ч тодорхойлж чадаагүй. У.Шекспир “Хайр бол солиорол юм” гэж хэлсэн байдаг. Хүн болгон л хайрыг өөрийнхөөрөө ойлгодог байх. Миний бодлоор хүнээс гарч болох хамгийн сайхан зүйлийн илэрхийллийн хэмжүүр нь хайр юм даа. Өөр эцэг эхээс төрж, өөр орчинд өсчихөөд, бие биенийгээ харж хайрлана гэдэг их сонин мэдрэмж, хувь тохиол. Хүн эхлээд дурладаг, харин дараа нь хайрладаг болов уу. Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан “Хүн ер нь хэнд хайртайгаа үхэхийнхээ өмнө нь л мэдэх байх шүү” гэж хэлж байсан нь санаанаас ер гардаггүй.

Хайрласан хүний алдаа нь хүртэл хөөрхөн, уучилж болохоор харагддаг. Хүнийг хайрлана гэдэг дэндүү их сэтгэл, золиос юм даа. Хайрынхаа төлөө өөрийгөө золиослосон, гарлага гаргасан хүн зөндөө байдаг. Хайраар дүүрсэн зүрх хорвоог муухайгаар харах нүд, сэтгэлгүй болчихдог юм шиг.

-Халуун, дулаан итгэлээ бөхөлж, хайр дүүрэн, инээд цалгисан гэр бүл үүсгэхэд хоёр хүний оролцоо тэнцүү байх ёстой юу. Та хоёрын бодлоор гэр бүлийн үнэ цэн юун дээр оршдог вэ?

-Т.Б: Амьдралд ажил төрлийн болон бусад олон зүйл тохиолддог. Түүн дээр бие биедээ хүлээцтэй хандаж, итгэж, хүндлэх нь чухал. Эдгээр зүйл байж, хайр үнэ цэнтэй, бат бөх оршино. Тэгэхгүй ажлыг нь ч хийлгэхгүй байн байн залгаад, хардаад байвал тэнд итгэл байхгүй гэсэн үг. Манайхан “хайртай бол хартай” гэдэг. Миний хувьд үүнийг оновчтой, зөв үг гэж боддоггүй. Харин хайртай бол хүндлэх, итгэх, хүсэл мөрөөдөлд нь хамт тэмүүлэх ёстой.

-И.О: Гэр бүл амар амгалан, тайван байж хүний амьдралын сайхныг мэдэрнэ. Хүний сэтгэл санаа тайван байх нь амьдралын хамгийн сайхан таашаал. Гэр бүл бол нийгмийн анхдагч. Эхнэр, нөхөр хоёр гэр бүл, үр хүүхдэдээ зориулж цаг гаргадаг байх хэрэгтэй. Гэр бүл бие биенээ тулж, түших хэрэгтэйг хүүхдүүддээ багаас нь ойлгуулах нь чухал. Тэгж байж хүүхэд том болж, гэр бүлээ эрхэмлэж, зөв явна. Гэхдээ орчин цагийн залуус
гэр бүлдээ цаг гаргадаг болжээ. Ажил ярихад хүртэл, өнөөдрийг гэр бүлдээ зарцуулна гээд төлөвлөчихсөн байдаг нь сайхан санагддаг. Миний ханийн найзууд хүртэл тэгж ярьдаг. Надад энэ нь маш их таалагддаг. Амьдрал эрээн, бараантай болохоор дандаа жаргана гэж юу байх вэ. Хүний туулах ёстой бүх зүйлийг л үзнэ шүү дээ. Харин тэр үед хажууд нь түшиг тулгуур болж, хамт байдаг хүмүүс бол гэр бүл. Хүүхдүүдээ нийгэмд
зөв сайхан өсгөж, хүмүүжүүлэхэд аав, ээжийн үүрэг чухал. Үүнд л цаг зарцуулах хэрэгтэй юм.

-Ижил мэргэжилтэй, тэр дундаа урлагийн хүмүүс гэр бүл болох нь биенээ ойлгож, дэмжих давуу талтай байх?

-Т.Б: Давуу тал нь илүү их байх гэж боддог шүү. Ажилдаа хамт явж, өдрийнхөө хоолыг хүртэл хамтдаа идэж байна. Хоёр өөр салбарт ажилладаг хосуудыг бодвол бид хамтдаа олон цагийг өнгөрүүлдгээрээ онцлог юм болов уу.

И.О: Бид хоёрын ажил, зорилго нэг. Дандаа хамт байгаадаа аз жаргалтай байдаг. Бид үүндээ ч талархаж явдаг.

-Урлагийн хүмүүс цаг наргүй ажилладаг. Энэ нь гэр бүл, үр хүүхэдтэйгээ ойрхон байхад саад
болдог уу?

-Т.Б: Хоёулаа олон хоногоор хөдөө тоглолт, зураг авалтаар явна. Манай “Х түц” продакшн тайзны тоглолт хийгээгүй гурван жил болж байна. Дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорьж байгааг үзэгчид мэднэ. Ингэхээр тайзны уран бүтээлчдийг бодвол харьцангуй гэр бүлтэйгээ байх цаг хугацаа гардаг болсон.
-И.О: Хамт байх хугацаа бага болохоор ийш тийшээ тоглолтод явахад охиноо дагуулаад явчихъя, хамт байя гэж боддог. Гэхдээ боломжгүй үедээ тэднээ орхиод л явдаг. Тэр болгонд яаж байгаа бол гэж ардаа шаналдаг. Гэхдээ яая гэхэв, бид хоёр л ингээд байгаа юм биш шүү дээ. Монголын гэр бүлүүдийн нийтлэг амьдрал ийм л завгүй урсгалаар урагшилж байна.

-Мэргэжил нэгтэй байх нь гэр бүлийн харилцаанд чухал нөлөө үзүүлдэг болов уу. Илүү сайн ярилцаж чадахаас гадна бие биендээ сайн зөвлөгч байж чаддаг байх?

-Т.Б: Бид өөрсдөө хүн судлалын хүмүүс. Нүднийх нь харц, үйл хөдлөлөөр энэ үнэн ярьж байна уу, худлаа яриад байна уу гэдгийг сайн мэднэ. Харахгүй байсан ч амьсгалаар нь юу болсныг мэдэрч, ярилцаж чаддаг.

-Улс эх орондоо зөв хүнийг өсгөж хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг. Хүүхэд хүмүүжилд та хоёр хэрхэн анхаардаг вэ?

-Т.Б: Бид байнга хүүхдийнхээ хичээлийг хийлгээд байж чаддаггүй. Ихэнх цаг л ажил дээр, тоглолтын бэлтгэл, кино зураг авалтын талбайд өнгөрдөг. Ер нь г гэж боддог. Тиймээс хүүхдийнхээ хандлагыг эерэг байлгахаас эхлээд, хамгийн ойрын зөвлөгч нь байх гэж хичээдэг.

-И.О: Ажилдаа л ихэнх цагаа зарцуулж байна даа. Хүн ажил хийж амьдралгүй л яахав. Энэ нь хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагаас хумслаад байх шиг харагддаг шүү. Хүүхэд том болох тусмаа ганцаарддаг. Тэр үед аав, ээж нь найз шиг нь ярилцаж, зөвлөх ёстойгоос гадна аав, ээжийнхээ хоорондын харилцаанаас үлгэр дууриалал авч байдаг. юм. Хүүхдийг бага гэж гололгүйгээр хооллохдоо хүртэл эрүүл зөв хооллолтын талаар ярьж өгч байх хэрэгтэй. Ер нь эцэг эхийн үүрэг бол хүүхдээ бие хүн болгох шүү дээ. . Үүнийг хаяснаас л монгол хүн эрт өвдөж байна. Мөн хүүхдээ нийгэмшихэд аав, ээж нь багаас нь бэлдэх хэрэгтэй гэж боддог. Л.Түдэв гуай “Хүүхдийг тав, зургаан настайгаас нь юунд сонирхолтойг нь олж харах нь эцэг эхийн үүрэг” гэсэн байдаг. 

-Танай охин Б.Сундарийн бичлэг цахим орчноор тарж, хүмүүс авьяастай, гэдгийг нь мэдэх болсон. Хүүхдийн авьяасыг дэмжих нь хөгжихөд нь чухал нөлөө үзүүлдэг байх?

-Т.Б: Анх эгчтэйгээ фэйсбүүк дээр бичлэг хийж тавьсан нь хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. Дараа нь “Солиот-Эх” киноны зураг авалтын үеэр хөөрхөн юм яриад байхаар нь тэрийг нь “Юу гэнэ ээ” гэж бичлэг хийгээд тавьсан нь мөн олон хүнд хүрсэн. Багаасаа л гэрийнхнийгээ унтахаас өмнө инээдтэй юм яриад л, инээсэн үү гэж байгаад л инээхээр унтдаг. Ер нь авьяастай гэдгийг бид хоёр мэдэрсэн. Анх шинэ жилийн богино хэмжээний кинон дээр манай продакшныхан Суунийг тоглуулъя гэж хэлэхэд бид хоёр яах бол гээд айж л байсан. Тэгээд гэртээ бэлдүүлж үзсэн чинь болмоор ч юм шиг. Зураг авалт, эхлэхэд сайн тоглосон. Тэндээс урам авч хүүхдийн сэдэвтэй кино хийе гээд “Хөөрхөн ээжтэй охин”-ыг хийсэн. Бүрэн хэмжээний кино учраас багадаа л зураг авалт нэг сар үргэлжилнэ. Суунийгийн орсон зураг авалттай өдрийг нь нэг өдөр аваад, хоёр өдөр амраагаад тэр хооронд нь ороогүй зураг авалтыг хийнэ гээд төлөвлөгөө гаргасан. Тэгсэн эхний өдрөөсөө идэвхтэй, сайн байгааг нь бүгд харсан.

-Бяцхан Суунийгийн аяг ааш, үйл хөдлөл олны нүдэнд ил учраас хүмүүс “Хүүхдийг багаас нь жүжиглүүлж яах юм. Хэл ам хүрнэ” ч гэдэг юм уу, хандлага үзүүлсэн үү. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Т.Б: Хүмүүст авьяастай юм шиг санагдав ч нөгөө талаараа олны нүдэнд ил байдаг нь хүүхдэд хүүхдээрээ байх боломжийг олгодоггүй. Чамайг хүмүүс таньдаг болсон, танихгүй ч гэсэн мэндэлж байгаарай. Хэзээ ч муухай ааш гаргаж болохгүй, хүн болгоныг хайрлаж бай гэж хэлдэг. 

-Аав ээжийнх нь ажил мэргэжил охинд нь нөлөөлсөн болов уу?

-Т.Б: Хоёр настайгаасаа л тоглолтын бэлтгэл дээр ирдэг байсан. Тэгэхээр урлагтай холбогдох нь аргагүй байх. Багынх нь төрхийг дэлгэцэнд хадгалж үлдье гэж бодсон. Уран бүтээлчдээс хамтарч гэр бүлийн сэдэвтэй кино
хийе гэсэн санал ирдэг. Түүнийг дэмжиж гэр бүлээрээ оролцдог. Багаасаа уран бүтээлд оролцох нь дуртай зүйлээ, өөрийгөө олоход нь нэмэр болно. Би гэхэд л жүжигчин болох гэж гурван жилийг алдсан. Хүн өөрийгөө болон дуртай зүйлээ хайж байдаг. Аравдугаар ангиа төгсөөд бараг гурван жил явж байж урлагийн хүн болохоо мэдэж байсан.

-Уран бүтээлээрээ дамжуулж, үзэгчдэд ямар санаа өгөхийг зорьдог вэ?

-Т.Б: Манай гэр бүлийн эмзэглэдэг асуудлын нэг бол гэр бүл салалт. Гэр бүл бүхэн тогтвортой, элэг бүтэн байгаасай гэсэн санааг л хүргэхийг зорьдог. “Танхай тээгч” кино гэхэд л үр хүүхэдтэй болохын төлөө бүхнээ зориулдаг, хүүхэд олдоггүй хүмүүс байдаг шүү гэдэг санааг хэлэхийг зорьсон. “Алтан өндөг” кино хүний амьдралд гэр бүл ямар чухал. Мөнгө чухал уу, хайр сэтгэл чухал уу гэдгийг харуулсан. Харин “Хөөрхөн ээжтэй охин” кинонд аав нь хаяад явсан охины тухай гардаг. Сүүлд ээж нь хүнтэй суугаад, тэр аав нь сайн хүн байж таараад, хойд аав болгон муу хүн байдаггүйг харуулах гэсэн. Тэр залуу анх ирэхдээ өөр бодолтой ээжийг нь эргүүлдэг байсан бол сүүлдээ явсаар бяцхан, сэргэлэн охиноор нь дамжуулж үзэл бодол нь өөрчлөгдөж, элэг бүтэн болж байгаагаар кино төгсдөг.
-И.О: Салалт ихсэж хүүхэд өнчирснөөр миний дээр хэлсэнчлэн зөв иргэн төлөвшихөд дутагдал үүсэж байна. Салалт хүүхдийн өөртөө итгэх итгэл, хүнтэй харьцах харьцаанд сөргөөр нөлөөлдөг. Салалт их байгаа учраас үүнд хандсан гэр бүлийн сэдэвтэй кино хийе гээд хийж байгаа.

-“Солиот-Эх” кино эхийн хайрыг харуулсан бүтээл. Та “Ээжийнхээ дэргэд байсан чсанадаг” гэж хэлсэн үг хүмүүст их хүрсэн л дээ. Хүн ээж, аавыгаа ачлах нь хүн ёсны үүрэг?

-И.О: Хүн ээж, аавдаа хайртай л гэж боддог болохоос, тэднийхээ төлөө юу хийсэн бэ гэвэл, бодох юм их гарна шүү. Зарим нь хатуу үг хэлж, зовоож байгаа нь харагдах юм. Ээж маань манай гэрт ирээд л, миний урд унтдаг. Би ажил ихтэй гээд яваад байхад, ээж минь над дээр хүрээд ирлээ шүү дээ гэж бодоод, хайрлаад л. Сарны гэрэлд ээжийгээ хараад, санаад, үнсмээр санагддаг. Хажууд байхад нь хүртэл санана гэдэг хачин зүйл шүү. Хүний эцэг, эхийгээ хайрлах хайр тийм л агуу юм даа.

-Танай продакшн гэр бүлийн сэдэвтэй уран бүтээл түлхүү хийж байна. Уран бүтээлчдэд хөндөх сэдэв олон байх. Одоо ямар бүтээл хийж байна вэ?

-Т.Б: -Ирэх жил манай продакшны 25 жилийн ой болно. Олон ангит, түүхэн киноны сэдэв яригдаж байгаа. “Сэргээш-4” гэж хийх санаа байна. Бэлтгэл ажлаа хэдийн хийгээд, зарим үйл явдал, дүрээ судалж байна. Өнгөрсөн жил “Фауст” жүжгийг тавьж байсан бол энэ жил ахин тоглох гэж байгаа. Надад гол дүрд тоглох санал дахин ирсэн. Ирэх сарын 11-нд нээж, таван өдөр тоглогдоно. Дэлгэцийн уран бүтээл, тайзны тоглолт хоёр их өөр. Энэ цаг хугацаа эдийн засгийн хувьд эрсдлийг хүлээж байгаа. Зогсонги байдалтай л байна. Уран бүтээлчид одооноос л нүдээ анин эрсдэл рүү орж байна. Жүжигчин Д.Хүрэлхүү ах “Төлөөс” нэртэй драмын кино хийх гэж байгаа. Түүнд гол дүрд нь тоглоно. Зохиол нь бичигдсэн, зураг авалт нь удахгүй эхэлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.