Канадын Онтарио мужийн нэгэн эмэгтэй зүүдэндээ харсан тоогоороо сугалаанд оролцон, 760,482 ам.долларын хожил авчээ.
64 настай Дебора Роуз "Lotto Max" сугалааны тасалбараа худалдаж аваад, зүүдэндээ харснаасаа хойш бүх сугалаан дээрээ бичсээр ирсэн тоонуудаа яг тэр чигээр нь бичсэн гэж Онтариогийн сугалааны корпорацын албан тушаалтнуудад хэлсэн байна.
Тэрээр энэ долоо хоногт сугалааны төв байранд ирж, хожлын мөнгөө гардан авсан бөгөөд өнгөрсөн сарын 28-нд анх хожлынхоо талаар сонсохоосоо өмнө нэлээн таагүй өдрийг өнгөрөөж байснаа дурссан юм. Роуз үргэлжлүүлэн "Гэвч намайг том хожлын эзэн болсныг мэдэгдсэн мессеж миний өдрийг үнэхээр гайхалтай болгосон. Би "Юу? " гэж уулга алдаад л уйлж эхэлсэн" гэжээ.
Мөн Дебора Роуз хожлын мөнгөө хүүхдүүдтэйгээ хуваалцан, аялалд гарах бодолтой байгаа гэнэ. Тэрээр "Би Грек, Турк, Болгар улсад зочлохыг үнэхээр хүсэж байна" гэсэн юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.