БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын таван иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон гурван иргэн буюу нийт найман иргэн коронавирусийн халдвар авсан болох нь наймдугаар сарын 26-ны өдөр тогтоогдсон талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээллээ.
Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа гэнэ.
Түүнчлэн уг мэдэгдэлд "Эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн наймдугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Манай иргэд хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусийн дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Иймд БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье" гэсэн байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.