Дэлхий даяар коронавирус тархаж, улс орнууд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хилээ хааж эхэлсэн билээ. Харин одоо зарим улс орон тогтоосон хорио цээрээ цуцалж, хилээ нээж, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
Коронавирус аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг бүрдүүлдэг улс орнуудын хувьд хүндхэн цохилт болсон. Тиймээс зарим улс жуулчдыг эргэн татахын тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна.
Тухайлбал, Мексикийн Засгийн газраас зүүн өмнөд хэсэгтээ орших Канкунд “Come to Cancun 2Ч1” гэх кампанит ажил зохион байгуулаад байгаа аж. Уг хөтөлбөр нь тус бүс нутагт аялахаар ирсэн жуулчин бүрд ямар ч буудалд буусан хоёр шөнө үнэгүй байрлах боломж олгох гэнэ. Түүнчлэн Тайландын тансаг зэрэглэлийн зочид буудлууд “Buy 1 Get 1 Free” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Үүнээс гадна Женевийн зочид буудлууд нэг хоногийн төлбөрөө 65 хүртэлх хувиар бууруулаад байгаа юм байна. Мөн Кипр Улс тус улсаар аялах хугацаанд коронавирусээр халдварлавал эмчилгээний зардал, хоол хүнс, байрны төлбөр олгоно гэдгээ мэдэгджээ.
Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгийн саяхан хийсэн судалгаагаар судалгаанд оролцогчдын 45 хувь нь тахлыг намжиж эхлэхээр аялахаар төлөвлөж байгаа бол 33 хувь нь вирусийн тархалт бүрэн намжтал аялахаас зайлсхийх болно гэжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/travel/article/can-travel-incentives-lure-visitors-back/index.html
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.