Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самар түүхтэй холбоотой асуудалаар мэдээлэл хийлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл"Монгол Улсын 1.5 сая км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Ойн 5 хувийг эзэлдэг хуш модон ойд самар ургадаг.
Энэ жилийн хувьд баруун аймгийн 63 суманд самар ургасан бөгөөд найман аймгийн 25 суманд самар их ургацтай байгаа. Улаанбаатар хот, Баян-Өлгий, Увс аймгийн хувьд дунд ургацтай.
Ойн тухай хуулийн 38.7-д зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар, бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтын аль алинаар нь самар түүхгүй гэх хуулийн заалттай.
Гэхдээ нийт ойн таван хувийг эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд орчихоод байна. Самар түүх хугацаа болоогүй байхад самар түүх гээд хуш мод нүдсэнээс болж холтос нь унаад, шавж хорхойд идэгдсэн үхмэл байдалтай байх жишээтэй. Есдүгээр сарын 10-наас дараа жилийн гуравдугаар сарын 15-н хүртэл самар түүх журам байдаг.
Гэтэл одоо түүгээд, зарж борлуулаад байгаа нь хууль зөрчиж байгаа учир хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч ажиллаж байгаа. Үүнийг хуулийн байгууллага хянаж байхад хүүхэд, хөгшчүүдийг дээрэлхсэн үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаж байна.
БОАЖЯ-ны ОБЗГ-ын дарга Б.Оюунсанаа "Хуш мод 3-5 жилийн хугацаанд их үрийн жил болдог бөгөөд 2020 оноос их үрийн жил эхэлж байна. Хуш мод нь 40-50 насандаа анхны үрээ буюу самраа гаргадаг.
Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэдэг. Зөвшөөрлийн тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай.
Самар түүх зохистой хэмжээ байдаг ба 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой. Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Буруу аргаар бэлтгэж гэмтээснээр хуш модны ирээдүй бүрхэг болж байна".
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.