Япон улсын Гунма мужийн фермүүдээс энэ оны долдугаар сараас хойш 670 орчим гахай хулгайд алдагдсан байна. Мужийн цагдаагийн газрын мэдээлснээр Мебаши, Ота, Исесаки зэрэг хотын гахайн фермүүдэд дор хаяж долоон ийм төрлийн хулгай гарсан аж.
Нийт хулгайлагдсан гахай 20 сая иен буюу 500 сая гаруй төгрөгийн үнэтэй гэж албаныхан мэдээлжээ. Гахайнуудаа энгийн саравчинд байрлуулдаг таван фермээс 180 орчим гахай хулгайд алдагдсан болохыг Японы хөдөө аж ахуйн хоршооны Мебаши дахь төлөөлөгч хэлсэн юм. Бүх хулгай шөнийн цагаар гарсан байна.
Түүнчлэн тус улсын Точиги мужийн Ашикага хотын сүүний фермүүдээс тугал хулгайлсан хэрэг зургадугаар сараас наймдугаар сарын хооронд гурван удаа гарсан гэнэ. Ашикагагийн цагдаагийн албаны мэдээлснээр зах зээлийн үнэ нь нийт 2.75 сая иен буюу 73 сая гаруй төгрөгтэй дүйцэх зургаан тугал хулгайд өртсөн бөгөөд тэдний дунд хоёр долоо хоногтой Япон хар үхэр буюу Вагю үүлдрийн тугал байжээ.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.