Цагдан хорих байранд хүний амь үрэгдэж, хорихоос оргосон ялтан амиа алдсан байхад ШШГЕГ-ын удирдлага нууцалсаар байх уу
Хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан хүмүүс өнгөрсөн долоо хоногт амиа егүүтгэсэн тохиолдол нэг бус гарлаа. Баянхонгор аймагт Галуут сумын харьяат 40 настай эрэгтэй Д согтуудаа цонхны хаалтнаас боомилон амиа егүүтгэсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цахим мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл мөн улирагч долоо хоногийн пүрэв гарагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг залуу амиа хорлосон байна. Тэрбээр хүний амь бүрэлгэсэн хэрэгт холбогдон шалгуулж байсан бөгөөд чухам юунаас болж амта егүүтгэснийг цагдаагийн байгууллага тодруулахаар ажиллаж буй гэнэ.
Харин ШШГЕГ-ын удирдлага энэ мэдээллийг ихэд нууцалж байгаа агаад өмнө нь ч хүний амь үрэгдсэн тохиолдлыг тус газрынхан хав дараад өнгөрч байгаа юм. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд тус газрын харьяа хорих 401 дүгээр ангиас нэг хүмүүжигч оргосон билээ. Удаан хугацааны турш олдоогүй байсан түүнийг УИХ-ын сонгуулийн өмнөхөн Сонгинохайрхан дүүргийн нутагт, ойд нас байсныг иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, холбогдох шинжилгээгээр уг оргодол мөн болохыг тогтоосон аж. Гэвч ШШГЕГ-ын удирдлага өнөөдрийг хүртэл уг явдлыг нууж байгаа юм.
Ийнхүү удаа дараа ноцтой үйлдлүүд гарсаар атал ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан, өдгөө Хорих ял эдлүүлэх алба хариуцсан дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн ч, түүний удирдлага доорх албан тушаалтнууд ч юу ч болоогүй мэт ажлаа хийсээр байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ч, тус яамны холбогдох албан тушаалтнууд эдгээр мэдээллийг аваагүй, сонсоогүй мэт байгаа нь хачирхалтай.
Цагдан хорих ангид саатуулагдсан хүн учир битүүлгээр амиа алдсан тохиолдол ганц энэ ч биш. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан Монгол Улсын Гавьяат хуульч, шүүгч асан Л.Б 2019 оны хоёрдугаар сард тус ангийн хорих өрөөнд учир битүүлгээр амиа алдсан бөгөөд хариуцлагыг нь хянагч, ээлжийн дарга тэргүүтэй хэдэн хүнд хүлээлгээд, гэм буруутай, эсэхийг нь өдгөө хүртэл хэлэлцэж чадахгүй байгаа юм. Тухайн үеийн ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг албан тушаалаас нь өөрчилснөөс өөр хариуцлага тооцсон хүн бараг л үгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнууд нь авлига, албан тушаалын хэргээр шүүгдэгчийн ширээнд суучихаад байхад удирдлага нь ус балгасан мэт дуугүй л байгаа. Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан цус сэлбэх, залуу хүмүүсээ албан тушаалд томилохдоо хойрго, цэргийн бүү хэл, жирийн төрийн албан хаагчийн тэтгэврийн насны хязгаарт хүрсэн хүмүүсээ албан тушаалд байлгах дуртай бололтой.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Б.Энхбаяр ШШГЕГ-ын харьяа хорих 401, 411 дүгээр ангийн байрлалд хотхон барьж буйг хөндөж, ямар эх үүсвэрээр, хэний зөвшөөрлөөр бүтээн байгуулалт өрнүүлж байгааг тодруулахыг хүссэн. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан тэрбээр уг хотхоныг бариулах талаар мэдээгүй байгаа нь хачирхалтай.
Дээрх хоёр ангийн байршилд буюу Зайсанд барьж буй хотхоныг ШШГЕГ-ын Ар талын газраас удирдан бариулж байгаа бөгөөд уг барилгын ажлыг тэтгэврийн насны төрийн албанаас 2012 онд чөлөөлөгдсөн, эдүгээ 68 настай хурандаа О.Шагдарсүрэн хариуцаж байгаа тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
О.Шагдарсүрэнгийн тухайд 2012-2016 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн УИХ дахь зөвлөхөөр ажиллаж байсан 2016 оноос ШШГЕГ-т эргэн оржээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад 45 жил “буг” болж буй О.Шагдарсүрэндээ ХЗДХЯ, ШШГЕГ-ын удирдлага зохих арга хэмжээ авч, мэргэжлийн, зохих насны алба хаагчийг оронд томилж болдоггүй юм болов уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Huuyee udirdlaguudiig ni zailuulaachee.
Дамдинцэрэнд өшөө олон Но бий дээ 22 сая төгрөг Идээд уусан тогтоогдсон ч Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаалгасан Асуудал байгаа Их л өс хонзон санаж амьтан хүн дарамтлаж явдаг гар даа