Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өчигдөр(2020.08.24) хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ.
-Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн байна.
Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол үзүүлсний улмаас 2020 оны дэлхийн эдийн засаг 4-6 хувиар агшина гэсэн тооцооллыг олон улсын байгууллагууд гаргажээ.
Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ.
Төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр буурсан.
Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах корона вирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх; экспортын гарцыг нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталжээ. Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан.
Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.
Ингээд Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй гэж Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн байна. Иймд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.