УИХ-ын гурван байнгын хорооны гишүүдээс бүрдсэн лобби бүлэг өнөөдөр "Эмээлт" дэх мах боловсруулах үйлдвэр, "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. "Тавантолгой түлш" компани Налайхыг түшиглэсэн үйлдвэрээ ирэх 10-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн жил тус үйлдвэр дээр шийдэгдээгүй, иргэдийн гомдол санал дагуулсан олон асуудлыг шийдвэрлэж ажиллаж чадсан байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: Энэ жил бид өнгөрсөн жилийн алдаа, дутагдлаа арилгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гал түлэх үед мэдээж эрсдэл байна. Энэ эрсдэлийг бууруулах, аль болохоор байхгүй болгох олон ажлыг зохион байгуулж байна. Мөн нөөц, хүрэлцээний асуудал хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсонтой холбогдуулаад энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн тооцоололтой ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэр аравдугаар сарын 20-н гэхэд ашиглалтад орно.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өмнө нь агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг энэ үйлдвэр дээр олон удаа ирж ажиллаж байсан. Сая бид нарт танилцуулснаас харахад хоёр том дэвшил, хувьсал хийсэн байна.
Нэг нь, иргэдийн аюулгүй байдал. Тэнд ажиллаж байгаа хяналтын ажилтнууд 200 гаруй мянган гэр хорооллын айл өрхийг ухаалаг системтэй болгох гэж байна. Тэгэхээр агаар шүүгчээс гадна чип байрлуулаад, тухайн айлын агаарын хий нь эдний самбар дээр гараад ирвэл, тэр айл руу шууд утасдаад мэдэгдэх боломжтой. Эсвэл хяналтын ажилтан нь тэр айлд очоод агаарын хийн хэмжээнийх нь талаар анхааруулж хэлэх механизмыг бэлдээд, ажиллаж эхэлж байгаа юм байна.
Хоёр дахь нь нөөц. Одоо хангалттай болж байна. М.Ганбаатар даргатай "Тавантолгой түлш"-ийнхэн маань ажлаа, зорилтоо сайн биелүүлээд явж байгаа юм байна. Бид ч бас Их Хурлын зүгээс дэмжиж ажиллаж байгаа бөгөөд 80 хувийн зорилтоо биелүүлнэ гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакар: Өнгөрсөн жил бид улсын хэмжээнд шахмал түлшийг анх удаа нэвтрүүлээд, утааны асуудлыг тодорхой хэмжээнд шийдсэн. Энэ жилийн хувьд гарсан дэвшлүүд маш их байна. Ард иргэд ч бас энэ түлшээ хэрэглэж сурч байгаа. Мөн иргэдэд аюулгүй байдлын сургалтыг тогтмол хүргэж байгаа. Цаашлаад Засгийн бодлого мэдээж аймгийн төвүүд рүү чиглэх ёстой. Аймгийн төвүүдэд утааны хэмжээ бас л аюултай түвшинд очиж байгаа учраас.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ер нь бол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдвэрлэж чадсан. Өнгөрсөн жил 50-60 хувьтай шийдвэрлэсэн бол одоо дээшлээд 100 хувьд хүргэнэ гэж зорьж байна. Эх орон, ард иргэдийнхээ өмнө том гавьяа байгуулж яваа М.Ганбаатар захиралтай "Тавантолгой түлш" компанийн хамт олондоо амжилт хүсье. УИХ дээр танай бодлогыг бүх талаар дэмжих болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Засгийн ажил яахав. Хуулийн ажлаа хийгээч.