УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санаачлан лобби бүлэг байгуулж хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар зорьж эхэлжээ.
Тус бүлэгт БСШУС-ын байнгын хороо, Үйлдвэржилтийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо гэсэн гурван байнгын хорооны гишүүд нэгджээ. Дээрх гишүүд өнөөдөр "Эмээлт" захын "Агро нэгтгэл" мах бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр 2018 онд байгуулагдсан бөгөөд өдөрт 500 бод, 1700 орчим бог мал нядалж, бэлтгэх хүчин чадалтайгаас гадна өдөрт 1000-1200 тонн мах хөлдөөж, нөөцлөх оломжтой юм байна. Өнгөрсөн жил Иран улс руу 1500 орчим тонн мах экспортолжээ. Харин цаашид экспортоо нэмэгдүүлэх, үйлдвэрээ өргөтгөх зэрэгт хөрөнгө оруулалт, төр засгийн ажиллагаа шаардлагтай байгааг УИХ-ын гишүүдэд дуулгалаа.
“Агро нэгтгэл” ХХК-ийн захирал Л.Нямсүрэн:
-Төр засгийн шийдвэр тогтвортой байх шаардлагатай байна. Мэргэжлийн хяналтын байгууллагууд байн байн шалгадаг нь маш төвөгтэй. Гэнэт экспортоо хаадаг, нээдэг гэх мэт төвөгтэй асуудлууд гарч байна. Мах бэлтгэх үйлдвэрийн квотын асуудал мөн бэрхшээлтэй. Экспортод гаргахад БНХАУ-ын Хорио цээрийн байгууллагын шаардлагад тэнцэж байж л гаргана. Одоогоор нэрсээ явуулчихсан, зөвшөөрөл нь ирчихвэл сайн л байна.
Бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Экспортыг дэмжих бэлчээрийн менежментийн нөөцийг сайжруулах, газар тариалан хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагдсан. Өнөөдөр бодит байдал дээр нэхий ширний үнэ, малчдын орлого ямар байгаа билээ. Иймээс ХАА, МАА-н салбарыг дэмжих ажлыг бид цаашид тууштай хэрэгжүүлнэ. Ойрын хугацаанд малчдын анхдугаар аян, экспорт эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвхөн хөрөнгө оруулалт төсвийн мөнгөнд баригдаад байхгүйгээр бидэнд байгаа бүх боломж бололцоогоо нээж, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр гишүүд бид цаашид олон ажлыг санаачилж, Засгийн газар, хувийн хэвшилтэй хамтран ажиллана.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Засгийн газрын зорилтот төлөвлөгөөг бодитооо хэрэгжүүлэх талаас УИХ-ын гишүүд анхаарч ажиллаж байна. Нийслэл хотын хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд өнгөрсөн жил хотын хоёр захад мах боловсруулах үйлдвэр нядалгааны төвүүдийг барьж эхэлсэн. Одоогийн байдлаар дуусах шатандаа явж байна. Өдөрт 750 бод, 1500 бог малыг нядлах, боловсруулах, ангилж ялган ажиллана.
Нийслэлд Эмээлтийн паркийн үйл ажиллагааг хариуцсан нэгж ажиллаж байна. Дарханы үйлдвэр технологийн паркийг ойрын хоёр жилд ашиглалтад оруулна. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах томоохон технологийн парк бий болно. Эдгээр нь мах боловсруулах чиглэлээр ажиллах учир эргэн тойрондоо технологийн шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэх мөн хотын аль хэсэгт байрлах гэх мэтээр олон асуудлыг шийдвэрлэх хүрээнд УИХ-ын зарим гишүүд газар дээр нь ажиллаж байна.
-Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед үйлдвэрлэгчдэд эдийн засгийн асуудал чухал байна. Төр засгаас урамшуулал олгож болох уу?
-Цар тахлын улмаас экспортын бүтээгдэхүүний борлуулалт буурснаар хөдөө орон нутаг болон нийслэлд орлогын асуудал үүссэн. Асуудлыг шийдэхгүй удсанаар ажилгүйдэл ядуурал газар авч айл өрхийн амьжиргаа улам доройтож асуудал хүндрэх учраас зөвхөн үйлдвэрлэлийн хэсэгт урамшуулал өгөхөөс илүүтэй экспортын орлогоороо дамжуулсан валютын орлого дотоодын мөнгөний эх үүсвэрээс гадна зах зээлд өшөө ямар мөнгөний нийлүүлэлтийг хийж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Мөн мөнгөний бодлогын асуудал, төсөв санхүүгийн тогтвортой байдал, үнийн өсөлт гэх мэтээр олон асуудлуудыг шийдэх тус тусын ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын гол зорилт бол тогтвортой эдийн засгийн өсөлтийг цааш нь үргэлжлүүлэн авч явах зайлшгүй шаардлага байгаа юм.
Манай улс гадаадын зах зээлээс шууд хамааралтай, экспортын орлогоос хараат учраас энэ сувгуудаа нээхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг шууд татаж ажлын байрыг бий болгоно.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Малчдын бэлдэж өгсөн мал аж ахуйн гаралтай түүхийн эдийн бүтээгдэхүүн ямар үнээр борлогдож байна вэ гэдэг асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүд эмээлт зах дээр ажиллаж байна.
Мөн "Эмээлт" зах дээр түүхийн эдийн арилжаа хэрхэн явж байна. Үйлдвэрүүдээс гарсан түүхий эд хашаа явж, яаж өртөг шингээж экспортод гарах уу. Энэ асуудал "Эмээлт", Дарханы арьс ширний цогцолборын асуудлыг хөндөж тавьж байна. Эдгээр үйлдвэрүүдийг яаж хурдан ашиглалтад оруулах вэ. Хөрөнгө санхүүгийн шийдэж байж хаягдаад байгаа нэхий, арьс, шир үнэ цэнтэй болж экспортод гарах юм.
Тус асуудлуудыг шийдэх ганц зам нь экспортын баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх юм. Мах болон түүхий эдээ экспортод өртөг шингээж гарагдаг болгох зорилготой бид газар дээр нь танилцаад явж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.