Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныг эсэргүүцэн, түүнийг огцрохыг шаардсан өргөн хүрээний жагсаал тус улсад үргэлжилсээр байгаа билээ.
Тэгвэл ням гарагт түүний оршин суудаг газрын ойролцоо жагсаж байсан иргэдийн хажуугаар Лукашенко нисдэг тэргээр ирэн, газардаад, автомат буу барин, сум үл нэвтрүүлэх хантааз өмссөн байдалтай олон нийтийн өмнө гарч иржээ. Түүний энэхүү үйлдэл нь босогчдын эсрэг түүний хариу үйлдэл ба анхааруулга гэж эх сурвалжууд үзэж байна.
Беларусь улсын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаал 15 дахь өдрөө үргэлжлэн, нийслэл Минск хотын талбайд 200 мянга орчим хүн цугларсан юм. Тэд удалгүй өөр жагсагчтай нэгдэн Лукашенкогийн ажлын байр болох Тусгаар тогтнолын ордны зүг жагсжээ.
"Белта" агентлагийн бичлэгээс харахад энэ үеэр Засгийн газрын нисдэг тэрэг ордны гадаа газардсан бөгөөд Лукашенко нисдэг тэрэгнээс Калашников автомат буу барин буусан юм. Гэвч уг зэвсэг ямар ч сумгүй болох нь харагдаж байсан тул “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээх хочтой Александр Лукашенко зөвхөн түрэмгийллийн шоу хийхийг зорьсон гэдэг нь тодорхой байв.
Энэ удаагийн жагсаалын үеэр баривчлагдсан иргэд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ сарын эхээр эсэргүүцлийн жагсаалаас 7 мянга орчим хүн баривчлагдсан. Мөн тэдний олонх нь хүч хэтрүүлэн хэрэглэсэн цагдаа нарын улмаас бэртэж гэмтэн эсвэл резинэн сумаар шархадсан бөгөөд энэхүү хүчирхийлэл нь олон нийтийн бухимдлыг улам төрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.