Дуучин С.Гантогоог түр хүлээлгэлээ. БНСУ-аас уран бүтээлийн гараагаа эхэлж, “Яг түүн шиг” шоуг өнгөлж явсан түүнийг монголчууд андахгүй.
-“Над шиг мэдэр”, “Love ya”, “Чи бэлэн үү” зэрэг уран бүтээл гаргаж, хамгийн сүүлд МУУГЗ Л.Балхжавын хөгжим, Б.Нармандахын үг “Бэрүүд” олон ангит киноны хоёр дууг дуулсан тань үзэгчдээс эерэг үнэлгээ авсан. Тус кинонд туслах дүрийг бүтээсэн. Кинонд тоглох ямар байв?
-Санал хүлээж аваад маш их баярласан. Гэтэл яг дүр бүтээх үед жүжигчин хүний мэргэжил ямар хүнд байдгийг ойлгосон. Дүрдээ орох, орчноо мэдрэх, текстээ өөрийн болгох зэргээр нэг уран бүтээлийн ард гарах гэж ямар их зүдэрдгийг ойлголоо. Кино багийнхантайгаа сайхан дурсамж бүтээлээ.
-ЭХЭМҮТ-ийн орчны талаар цахим орчинд нийтэлж, тухайн хэсгийг шинээр засварлахад чухал үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэе. Энэ ажил олон хүний талархлыг хүлээсэн болов уу?
-Үеэл дүү минь өвдөж, эргэлтээр эх нялхсын эмнэлэгт очлоо. Цар тахал гарсантай холбоотойгоор бөөгнөрөл үүсгэхгүй, ашиглахаа больсон хаалгуудаар эргэлт оруулж байж. Би тэр хаалгаар орж таараад, үнэхээр цочирдсон. Манай улсын урдаа барьдаг эмнэлгийн нэг гэж бодоод, цахим хаягтаа нийтэлсэн л дээ. Миний зорилго хандив босгоод, тэр хэсгийг засах байсан. Олон ч хүн дэмжиж, хамтран ажиллах санал тавьсан. Эмнэлгийн удирдлага их зөв хандлагатай хүн байсан учир намайг хүлээн авч уулзаад “Чи хүмүүсийг зөв зүйлд уриалсан. Гэвч бид дандаа ард түмнээсээ хандив харж суух ёсгүй. Засварт гаргах хөрөнгөөр, яаралтай засварлана” гэж хэлсэн. Дараа нь тэр хаалгыг харахад гантигаар ханаа чимж, тааз, шалны бүрэн засварыг сар хүрэхгүй хугацаанд л хийсэн байсан.
-БНСУ-ыг зорихдоо бусдын л адил санхүүгийн асуудалтай, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлөх гэж явсан байдаг. Үйлдвэр, барилгын ажил хийж байхад юу бодож байв?
-Мөрөөдлөө биелүүлэхэд үнэндээ мөнгө хэрэгтэй. Хамгийн чухал нь өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө байх нь чухал. Эцэг эхээ шаналгаж, эсвэл хэн нэгэн ивээн тэтгэгчийн мөнгө байвал утгагүй. Их сургуульд байхдаа цагийн ажил хийж, хэрэглээний мөнгөө олдог, ээж ааваасаа мөнгө авдаггүй байсан. Солонгост хийж үзээгүй ажил байхгүй. 10 мянган воны үнэ цэнийг мэдэрдэг. Хөдөлмөр хүнийг бүтээдэг учир бүхий л хүч чадлаа дайчлаад, энэ амжилтыг гаргаж чадсан.
-Ажиллах явцдаа шантрах, бууж өгмөөр, нутаг буцмаар үе байв уу?
-Очоод хоол, унд таарахгүй ээжийн хоолыг санана. Аав, ах, дүү нараа санаад, буцахыг хүсэх үе бишгүй л байлаа. Гэхдээ том зорилго тээсэн учраас буцаагүй ээ. Хүн зорилгоо тодорхой болгох хэрэгтэй. Яг л би ийм зүйлд хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр. Тийм зорилгоос хүн няцаж чаддаггүй юм. Болохоос нь болохгүй хүртэл бүх гарц, боломжийг хайна. Солонгост байхдаа ар гэртээ сар бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байв. Чиний зовж байгаа шалтгаан ирээдүйд бүтээх амжилтын сорилт гэж боддог. Зорилго тавиад хичээгээд үзвэл заавал сайн зүйлд суралцсан байдаг юм.
-Хичээж явсаар “Оддын хаан” шоунд ороцсон байх?
-БНСУ-ын олон үндэстний дулаачдын байгууллагад тэнцэж, ороод зургаан жил Монгол Улсаа төлөөлж дуучнаар ажилласан хугацаандаа “Оддын хаан” шоунд оролцож байсан. Гэрээний ажилтан байхдаа “Super star key” шоунд мөн оролцсон. Ер нь өөрийгөө сориогүй тэмцээн, наадам ховор. Миний царайны ерөнхий төрх солонгос хүнийхтэй төстэй. Энэ нь тэмцээнд оролцоход давуу тал болж байсан.
- Багаасаа л урлагийн авьяастай, тэмцээнд оролцдог хүүхэд байж. Гаднын улсад тайзан дээр гарахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Сөүл хотод зохиогдсон монгол наадамд оролцож түрүүлсэн нь анхны тайз байв. Би Элсан хотод байхдаа, караокед дууныхаа бэлтгэлийг хийдэг байсан. Солонгос дуу сурч, үгийг нь орчуулж, хэлийг нь сурсан.
-Гаднынхны нүдээр Монгол Улс, монгол хүний үнэлэмж ямар хэмжээнд байдаг бол?
-Танайд цэрэг, арми, орон сууц, хотхон байдаг уу гэж асуух хүн мэр сэр байсан. Мэдэхгүйдээ биш, нэг талаараа тохуурхсан шинж ажиглагддаг. Интернэт хөгжсөн оронд байж Монгол Улс гээд хайгаад үз гэж хэлдэг байсан. Газар нутгийн хэмжээ, түүх, соёлын биет болон биет бус өв зэрэг бидэнд бахархах зүйл олон учир тэдний өмнө хэзээ ч нүүр улайж үзээгүй.
- Сүүлийн үед БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа залуус гэмт хэрэгт холбогдох нь их болж. Үүнийг дагаад биднийг үнэлэх үнэлэмж буурсан уу?
-Тус улсад нэг аймгийн хүн амын хэмжээний монголчууд амьдарч байна. Монгол хүн авьяастай, хурдан суралцдаг, ажлын ачаалал даах чадвартай. Гэвч архи уух, гэмт хэрэгт холбогдох явдал ихэссэн. Үүний уршгаар зарим үйлчилгээний газар монголчуудыг оруулахыг хориглосон. Төлбөрөө хийлгүй зугатдаг, зодоон хийдэг гэх мэт шалтгаанаар. Харамсалтай нь нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино шүү дээ.
-Эх оронч үзэл гэж юу вэ?
-Манай улс шиг органик мах идэж, эко бүтээгдэхүүн хэрэглэдэг улс дэлхийн хаана ч байхгүй. Улсынхаа түүх, ёс заншил, уламжлал, соёлд би дэндүү хайртай. Эх оронч үзэл гэж гаднын улсад очоод, Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэхээс илүү хог, шүлсээ хаяхгүй байхаас эхэлдэг юм. Гаднын улсад соёлтой амьдарчихаад, Монголдоо ирээд яг түүн шигээ байх хэрэгтэй.
-Та “Яг түүн шиг” шоунд С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” дууг дуулахдаа нулимсаа барьж чадаагүй. Аавыгаа амьдад нь ачилж, сайн яваагаа харуулж, хорт хавдрыг нь эмчлүүлэх гэж хичээсэн ч чадаагүй алдсан байдаг. Аав тань хилийн цэргийн офицер хүн байжээ. Захиж, хэлж байсан хамгийн үнэт сургаал нь юу байв?
-Бид бүгд л залуу байж үзсэн. Аав, ээжийн үг ядаргаатай санагдах, бухимдах үе бий. Гэвч тэд үр хүүхдээ сайн, сайхан яваасай гэсэндээ л хэлдэг. Аав хаана ч очсон дасан зохицох чадвартай, хүний аргыг олдог, хүчтэй бай гэж захидаг байсан. Аавыгаа галтай, ээжийгээ устай зүйрлэнэ. Тэд надад хүнийг чин сэтгэлээсээ хайрлахыг сургасан. Өдий зэрэгтэй яваа минь тэдний надад өгсөн суурь хүмүүжилтэй салшгүй холбоотой. Хүний итгэлийг алдахгүй байх, итгэл дааж явахыг сургасан учир би ямар ч ажил хийсэн гологдоогүй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.