Ардчилсан намын даргын тушаал гарч Д.Сүндий, Н.Соёмбо, П.Галиндэв, М.Батжаргал, Э.Мөнхсайхан, Б.Хайдавмөнх нарын гишүүнчлэлийг сэргээжээ. Дээрх нэр бүхий хүмүүсийн гишүүнчлэлийг сэргээж, Ардчилсан намаас сонгуульд нэр дэвших эрхтэй гишүүнээр өөрчлөн бүртгэж байгааг өнөөдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд танилцуулсан юм.
Энэ үеэр “Ардчилсан нам бодит шинэчлэлийг хийж, залуусаа дэмжиж, ахмадаа сонсч, гишүүдээ дэмжиж байна. Ардчилсан намын дотоод ардчилал, үзэл баримтлал, итгэл үнэмшил сэргэж, олон мянган гишүүд дэмжигчдийн талархлыг хүлээсэн шийдвэр боллоо” хэмээн АН-ын гишүүн Э.Мөнхсайхан онцолсон юм.
Харин Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, “Хувь улстөрчдийн хувийн харилцаанаас болоод залуучууд бид үзэл санаа, үйл хэргээсээ хойш сууж, намаасаа хөндийрч болохгүй юм. Бид бүхэн алдаа дутагдал байгаа бол богино хугацаанд залруулж, Ардчилсан нам нэгдсэн байр суурьтай, ардчиллын үнэт зүйлийг хамгаалж оролцоно” гэлээ.
Дээрх залуус УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авч чадаагүй, намаа шинэчлэх, намын даргаа эсэргүүцсэн зэрэг өөр өөр шалтгаанаар намаасаа гараад байсан бол ийнхүү гишүүнчлэлээ сэргээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.