Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аян хэрэгжих талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах кампанит ажлыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар боллоо.
Өнгөрсөн өвөл бид агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулж чадсан. Энэ жил амжилтаа бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавиад байна. Өмнөх жил сайжруулсан түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд нэлээд хүндрэл, эрсдэл гарсан. Харин энэ жил тухайн эрсдэлийг багасгах зорилгоор маш нарийвчилсан төлөвлөгөөтэйгөөр сарын аяныг эхлүүлж байгаа юм.
Өрх бүрд агааржуулалтын төхөөрөмж байрлуулна. Өнгөрсөн жил угаартсан иргэдийн ихэнх нь уламжлалт зуух ашигласнаас үүдсэн. Энэ жил угаарын хийн эрсдэлээс сэргийлэхийн тулд чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тиймээс эрсдэлгүй байхын тулд сайжруулсан зуухыг авч хэрэглэхийг иргэдэд уриаллаа.
Мөн энэ жил "Тавантолгой түлш" ХХК-тай хамтран бид Хэрэглэгчдэд үйлчлэх алба байгуулсан. Энэ албын хүрээнд 1500 хүн, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 4500 ажилтан ажиллана. Түүнчлэн гэр хорооллын айл бүхэнд угаарын хийн эрсдэлийг хариуцсан менежер ажиллаж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө.
Гэр хорооллын 200 мянган айл өрхийн дулааны хэрэгцээг хоёр үйлдвэр хангана. Шахмал түлш борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх бөгөөд 1000 орчим цэгийг ажиллуулахаар төлөвлөж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.