Япон улсын хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнд нэвт харагддаг шилтэй нийтийн бие засах газрууд нээгдээд байна. Притцерийн шагналт архитектор Шигеру Бан болон арав гаруй өөр бусад тэргүүлэх дизайнерын зохион бүтээсэн эдгээр бие засах газар нь ухаалаг шилэн ханатай бөгөөд дотор нь хүн орсон үед гэрэл нэвтрүүлдэггүй шил болж хувирдаг аж.
Ниппон сангаас зохион байгуулж буй "Tokyo Toilet Project"-ийн хүрээнд нийслэл хотын Шибуяа дүүргийн таван байршилд ийм төрлийн нийтийн бие засах газрууд үйл ажиллагаанд ороод байгаа гэнэ. "Нийтийн бие засах газар, ялангуяа олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бие засах газраар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хоёр асуудал тулгардаг. Эхнийх нь дотор нь цэвэр байгаа эсэх. Харин хоёрдугаарт, хэн нэгэн дотор нь нууцаар хүлээж байгаа эсэх юм" хэмээн Ниппон сангийн албан ёсны мэдэгдэлд бичсэн байв.
Тэгвэл энэхүү шинэ төрлийн бие засах газар нь эдгээр асуудалд төгс шийдэл байхаар бүтээгджээ. Иргэд бие засах газраар үйлчлүүлэхээсээ өмнө ариун цэврийн болон аюулгүй байдлыг нь гаднаас нь шалгах боломжтой болох юм. Мөн тод өнгийн шилээр баригдсан тус бие засах газрууд шөнийн цагаар гэрэлтдэг учир цэцэрлэгт хүрээлэнгийн чамин гэрэлтүүлгийн үүрэг ч гүйцэтгэдэг байна.
Төслийн хэрэгжүүлэгчид ирэх хавар гэхэд Шибуяагийн 17 байршилд ижил төрлийн бие засах газруудыг суурилуулахаар төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.