Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчдад зөвхөн Монгол хэл, математикийн хичээлийг танхимаар орж, үлдсэнийг нь теле хичээл байдлаар орно гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.
Харин ахлах ангийнхан Монгол хэл, Математик, Эрүүл мэнд болон сонгон суралцах гурван хичээл танхимаар орж, бусад нь теле хэлбэрээр хичээллэхээр болжээ.
Ингэхдээ танхимын сургалтыг 20-иос дээшгүй хүүхэдтэй, 4 цаг 30 минутаас ихгүй цагаар хичээллүүлэх бөгөөд есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн хичээлүүдийг бататгах, 1-р ангийн сурагчдад бэлтгэл хөтөлбөрийн хичээл орох юм байна.
Өмнөх онуудад, цэцэрлэг сургуулийн бэлтгэлийг бүтэн жилээр хийхийг шаарддаг байсан бол, энэ жилийн хувьд уян хатан байхаар зохицуулахыг үүрэг болгожээ.
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох нь тийм ч зохистой биш учир халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин сургуулийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй хэмээн НҮБ болоод ОУ-ын түвшинд үзэж байна.
Харин сургуулийн автобусны тухайд өнгөрсөн онд нийт 40 автобус хэрэглээнд гаргаж, өдөрт дунджаар 3000 орчим хүүхэд зорчсон байна. Энэ жил есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд хичээлийн хуваарь, хүүхдийн тоо зэрэг тодорхойгүй байгаа тул сургалт жигдэрсний дараа буюу 2-3 долоо хоногийн дараагаас автобусаар үйлчилж эхлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.